Өндөр настай иргэнийг мөргөж амийг нь хөнөөгөөд зугтсан 19 настай этгээдийг баривчилжээ
Энэ оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 16:31 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт “Гүүрний хажууд хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу Төв аймаг дахь цагдаагийн газраас хэргийн газрын үзлэгийг явуулахад 04 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө тус аймагт оршин суух хаягтай 79 настай, эрэгтэй “С”-ийг тээврийн хэрэгслээр мөргөж амь насыг нь хохироож, хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан нөхцөл байдал тогтоогдсон байна.
Тус цагдаагийн газраас эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж ажиллахад дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй 19 настай, эрэгтэй “Д” гэгчийг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Иймд тээврийн хэрэгслээ бусдад шилжүүлэхгүй байх, орон нутгийн замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.