О.Амарсанаа: Бид алба хаагчийнхаа “алдаа зөрчлийг хуулийн дагуу шалган шийдвэрлэж, хууль бус“ үйлдлийг хаацайлдаггүй
ЦЕГ-ын Дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаатай алба хаагчдын сахилга, ёс зүй болон цаг үеийн бусад асуудлаар ярилцлаа.
Цагдаагийн алба хаагчдын ёс зүйн асуудал үргэлж анхаарал татдаг. Цагдаагийн байгууллага алба хаагчдынхаа сахилга, ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр ямар ажил, арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна вэ?
Цагдаагийн төв байгууллага нь үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхээс гадна алба хаагчдаа гэмт хэрэг, сахилга, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр ажилладаг.
Тухайлбал, Сүүлийн хоёр жилийн хугацаанд ЦЕГ-ын даргын тушаалаар алба хаагчдынхаа харилцаа хандлагыг дээшлүүлэх зорилгоор “Өнгө нэмцгээе”, “Харилцаа-Хандлага”, “Соёлыг түгээе” нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулсан нь үр дүнгээ өгсөн. Харин 2022 онд үйл ажиллагаандаа хүний эрхийг дээдлэх, хуульч ажиллагааг дээшлүүлэхэд түлхүү анхаарч ажиллаж байна.
Түүнчлэн бид улирал бүр сахилгын зөвлөгөөнийг зохион байгуулж, сахилгын зөрчил гаргаагүй хамт олноо хошуучлан ажилласан алба хаагчдаа урамшуулах, зөрчил гаргасан алба хаагчдад хуулийн дагуу арга хэмжээг авдаг. Үүнд ажлаас нь түр хугацаанд чөлөөлж, төлбөртэй сургалтад хамруулах, дахин зөрчил дутагдал гаргуулахгүй байх талаар сургалт, соён гэгээрүүлэх, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зэрэг хэд хэдэн үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.
Бид өнгөрсөн онд алба хаагчдаас гаргасан сахилга, ёс зүйн зөрчлийн төрөлд хяналт шинжилгээ хийж, бодит өгөгдөл дээр үндэслэсэн баримтад кино шторкуудыг боловсруулан анги, байгууллагын алба хаагчдад үзүүлж, дахин зөрчил гаргахаас урьдчилан сэргийлсэн.
Алба хаагчтай холбоотой нийт зөрчлийн 67.1 хувийг өөрийн дотоод хяналт шалгалтаар илрүүлсэн. Энэ нь бид дотоод хяналт сайтай байгааг илэрхийлэх болов уу гэж харж байна. Цаашид ч алба хаагчдынхаа хууль ёсны эрх ашгийг хамгаалах, ёс зүй, харилцаа хандлагыг дээшлүүлэх, зөрчил дутагдлыг арилгахын төлөө ажиллана.
Сүүлийн үед цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйн асуудалтай холбоотой нийтлэл нэлээдгүй гарах боллоо. Үүний нэг жишээ нь жагсаал, цуглаанд оролцсон иргэний биед цагдаагийн алба хаагч халдсан асуудал гарсан. Энэ талаар шалгалтын ажиллагаа ямар шатандаа явагдаж байгаа вэ, буруутай алба хаагчид арга хэмжээ авсан уу?
Энэ оны 04 дүгээр сарын 07-ны өдөр иргэдийн зүгээс өргөн хэрэглээний бараа, материалын үнийн өсөлтийг эсэргүүцэж, “Монголдоо сайхан амьдаръя” уриатай жагсаал, цуглааныг Сүхбаатарын талбайд зохион байгуулсан. Уг жагсаал, цуглаан албан ёсны зөвшөөрөлгүй байсан хэдий ч цагдаагийн байгууллагын зүгээс иргэдийнхээ үг хэлэх, үзэл бодлоо тайван замаар илэрхийлэх эрхийг нь хүндэтгэн ажилласан. Гэвч 10 цагт эхэлсэн жагсаал, цуглаан 18.00 цагаас хойш зорилго, чиглэл нь өөрчлөгдөж, олон нийтийг өдөөн хатгасан, эмх замбараагүй байдалд уриалсан хэсэг, бүлэг иргэдийн нөлөөгөөр нийтийн хэв журам зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн.
Цагдаагийн байгууллага үндсэн чиг үүргийнхээ хүрээнд хуулийн дагуу зохих арга хэмжээг авч ажилласан. 22 цагаас хойш буюу шөнийн цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийн тоо нэмэгдэн, алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, алба хаагчдын биед халдах, төрийн тусгай хамгаалалтын объектод нэвтрэхийг завдах, автомашины цонх хагалах, ослын утаат дохио ашиглах, зэргээр нийгмийн дэг журам зөрчигдөж, иргэдийн тайван алдагдсан.
Дээрх үйлдлийг таслан зогсоох явцад Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Дулмаадорж нь ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон. Уг үйлдэлд хуулийн дагуу дотоод хяналт, шалгалтын ажиллагаа явуулж, материалыг харьяаллын дагуу АТГ-т шилжүүлсэн байгаа.
Ер нь цагдаагийн төв байгууллагаас алба хаагчдын хууль зөрчсөн ямар нэгэн зүй бус үйлдлийг нуун дарагдуулсан, хаацайлсан зүйл огт байхгүй гэдгийг хэлмээр байна.
Саяны болж өнгөрсөн жагсаал, цуглаан үеэр цагдаагийн нэлээдгүй алба хаагчид гэмтэж бэртсэн гэсэн?
Энэ сарын 07, 08-ны өдрүүдэд зохион байгуулагдсан жагсаал, цуглааны үеэр нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж байсан 9 алба хаагч гэмтэж, бэртсэн.
Үүнээс 1 алба хаагчийн биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд гавал тархины битүү гэмтэл, баруун нүдний салст эвэрлэг бүрхэвч урагдсан, торлогийн бүрхэвчний ханын судас гэмтсэн гэх оноштой мэс заслын хагалгаанд орж, хэвтэн эмчлүүлж байна.
Сүүлийн 5 жилийн байдлаар алба хаагчдаас албан үүргээ гүйцэтгэх явцдаа давхардсан тоогоор 1025 алба хаагч халдлагад өртсөнөөс 3 алба хаагч амь насаа алдаж, 248 алба хаагчийн биед гэмтлийн зэрэг тогтоогдсон.
Олон нийтийн цахим сүлжээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах албан тушаалд Хэнтий аймгийн гаралтай алба хаагчдыг томилох боллоо гэх нийтлэл гарсан. Энэ нийтлэл үнэн үү, хэр бодитой вэ, үүнд тайлбар өгнө үү?
Уг мэдээлэл нь буруу ташаа гэдгийг албан ёсоор хэлэх байна. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнуудын 40 хувь нь Улаанбаатар, 3.5 хувь нь Хэнтий, үлдсэн хувь нь бусад аймгийн харьяалалтай албан тушаалтнууд байгаа тоон судалгаа гарсан.
ЦЕГ-ын удирдлагын зүгээс Төрийн албаны тухай хууль болон Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар баталсан Хүний нөөцийн бодлогын баримт бичгийг удирдлага болгон шатлан дэвших зарчмын дагуу алба хаагчдыг томилдог. Энэ тал дээрээ ч хатуу байр суурьтай бөгөөд нээлттэй, ил тод байдлыг баримталдаг. Үүний тод жишээ нь, цагдаагийн алба хаагчийг тухайн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ажлын туршлага, ур чадварыг үндэслэн албан тушаал дэвшүүлэх нөөцөд бүртгэдэг. 2021 онд албан тушаал дэвшүүлэх нөөцийн жагсаалтад 1300 алба хаагчийг бүртгэснээс 782 алба хаагчийг дараагийн шатны албан тушаалд томилжээ.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллага нь 10 гаруй мянган алба хаагчийн орон тоотой бөгөөд алба хаагчид цэргийн алба хаасны тэтгэвэрт гарах, албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх, хүүхэд асрах чөлөө авах, халагдах, төрийн бусад байгууллагад сэлгэн ажиллах болон эрүүл мэндийн шалтгаанаар жилдээ 1000 орчим сул орон тоо гардаг. Энэ тохиолдолд дээрх сул орон тоог албан тушаал шатлан дэвшүүлэх нөөцөд бүртгэгдсэн алба хаагчдаас нөхөх зохицуулалттай.
Өнөөдрийн байдлаар энэ онд нөөцөд орсон 1138 болон өмнөх онуудын нөөцөөс үлдсэн зэрэг 1600 гаруй алба хаагч албан тушаал дэвшүүлэх нөөцийн жагсаалтад бүртгэлтэй байгаа.
Цагдаагийн алба хаагчдын боловсролын зэрэг, жендэрийн тэгш байдлыг хэрхэн хангаж ажиллаж байна вэ?
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллаж буй нийт алба хаагчдын 68.0 хувь нь бакалавр, 11.3 хувь нь магистр, 0.1 хувь нь доктор, 6.7 хувь нь тусгай дунд, 25.3 хувь нь бүрэн дунд боловсролтой. Алба хаагчдын 67.9 хувийг 35 хүртэл насны залуучууд эзэлдэг. Нийт бүрэлдэхүүний 14.4 хувь нь эмэгтэй алба хаагч байна.
Ярилцсанд баярлалаа.