Сэлэнгэ мөрөнд осолдсон байж болзошгүй иргэдийг 11 дэх өдрөө хайж байна
Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн голын-Адаг” гэдэг газар “Портер” машинтай зорчиж явсан 3 хүн дөрөвдүгээр сарын 09-ний өдрөөс сураггүй болсон.
Тухайн иргэдийг “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас ОБЕГ-т дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсан.
Дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд С /47 настай, эрэгтэй/, О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг гурван хэсэгт хуваагдан Харлагын голын адагаас зүүн зүгт Майхан толгой хүртэл 3 км-т завиар, 6 метрийн гүнд 5 удаа шумбалт хийж, 2 дугаар бүлэг Харлагийн голын адагаас зүүн зүгт Сэлэнгэ сумын төв хүртэл 24 км-т голын эргээр явганаар, 3 дугаар бүлэг Хялгант тосгоны бетон гүүрээс баруун зүгт 5 км-т Офицерын тохой, Хандгайт гэдэг газраас баруун урд зүгт 10 км-т Цагаан-Арал хүртэл, Дүгэрээ-Овоо гэдэг газраас баруун зүгт Дүгэрээ хар хошуу гэдэг газар хүртэл 7 км-т мотоциклоор тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон.
Дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 07:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.