Н.Энхтуяа: Баривчлагдсан сэжигтэн, цагдан хоригдсон хүний тоо 80 гаруй хувиар буурсан

2022 оны 4 сарын 19

Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр Багануур дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Энхтуяатай дүүргийн эрүүгийн болон зөрчлийн хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын талаар ярилцлаа.  

-Саяхан прокурорын байгууллагын удирдах ажилтнуудын нэгдсэн сургалт зөвлөгөөн болж өнгөрсөн. Энэ сургалт зөвлөгөөнөөр ямар асуудлыг хэлэлцсэн талаар товч мэдээлэл өгнө үү.

-Прокурорын байгууллага жил бүр Удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулж өмнөх оны зорилтын хэрэгжилт, хүрсэн үр дүнгийн талаар нэгж прокурорын газар тус бүрээр дүгнэн хэлэлцэж, Улсын Ерөнхий прокурорын газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдээс анхаарах асуудлын хүрээнд үүрэг, чиглэлүүд  өгдөг. Энэ жилийн удирдах ажилтны зөвлөгөөнд  Улс, Аймаг, Нийслэл, Тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газрын нийт 60 орчим удирдах ажилтнууд оролцож "хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нь" сэдвийг сонгон хэлэлцсэн ба зөвлөгөөний үйл ажиллагааг нийт прокуроруудад цахимаар шууд дамжуулан хүргэлээ. 

-Багануур дүүргийн прокурорын газрын онцлог юу байдаг вэ? Хяналтын ажлаа хэрхэн хэрэгжүүлэн ажиллаж байна вэ?  

-Багануур дүүргийн прокурорын газар 8 прокурор, 15 ажилтантай хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус дүүргийн прокурорын газраас дүүргийн хэмжээнд гарсан гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэхээс гадна ШШГЕГ-ын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хорих ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Эрх бүхий 13 байгууллагын 76 албан тушаалтны зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж ажилладаг бол мөрдөх байгууллагын 11 мөрдөгчийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.

-Дүүргийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн гаралт, түүний шийдвэрлэлт ямар байна вэ?

-2021 онд Багануур дүүргийн прокурорын газраас дүүргийн хэмжээнд үйлдэгдсэн зөрчлийн талаарх 28.591 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласан нь өмнөх оноос 5,6 хувиар өссөн. Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан нийт хэргийн 52,2 хувийг Нийтийн хэв журам, аюулгүй байдлын эсрэг зөрчил, 31,6 хувийг Тээврийн хэрэгслийн ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг зөрчил, 7,7 хувийг Нийтийн өмч, өмчлөх эрхийн эсрэг зөрчил эзэлж байгаа нь хамгийн их байна.

-2021 онд эрүүгийн 320 хэрэгт хяналт тавьж, нийт мөрдөн байцаалт явуулсан хэргийн 96,6 хувийг хуульд заасан үндсэн хугацаанд нь шалгаж шийдвэрлэсэн.

-Дүүргийн хэмжээнд үйлдэгдэн гарч буй гэмт хэргийн дийлэнх буюу 85 хувь нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 15,9 хувь нь Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, 7,6 хувь нь Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг эзэлж байна.

-Багануур дүүргийн прокурорын газар 2021 онд хяналтын ажлын чиглэл бүрдээ амжилт гаргасан прокурорын газрын нэгээр шалгарсан. Удирдлагын зүгээс прокурорын хяналтын ажлыг хэрэгжүүлэхэд хэрхэн удирдан чиглүүлж ажилладаг вэ?

-Багануур дүүргийн прокурорын газар сар бүр хяналтын ажлын мэдээ, тоон үзүүлэлтийг гаргаж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан, хяналт шинжилгээ, үнэлгээг хийж ажилладаг. Ялангуяа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 65 шалгалт, 23 судалгаа, 146 танилцах ажиллагааг хийсэн байна. Хяналт, шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах, дахин гаргуулахгүй байх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор эрх бүхий байгууллагуудад прокурорын шаардлага 13-ыг хүргүүлсэн.

Мөн тус прокурорын газарт ажиллаж байгаа прокуроруудын 70 орчим хувь нь 1 жил хүртэл ажиллаж байгаа шинэ залуу прокурорууд байгаа тул тэдгээрийг прокурорын хяналтын ажилд богино хугацаанд сургаж дадлагажуулахад удирдлагын зүгээс анхаарч ажиллсан. Тухайлбал, илтгэх ур чадварыг сайжруулах, шүүх хуралдаанд мэтгэлцэх, прокуроруудаар хууль, заавар журмыг уншиж судлуулах, сургалт зохион байгуулах, тодорхой сэдвийн хүрээнд мэтгэлцээн, хэлэлцүүлэг зохион байгуулах ажлыг тогтмол хийж байна. Түүнээс гадна дүүргийн ерөнхий прокурор, түүний орлогчоос прокуроруудад ганцаарчилсан, богино хугацааны сургалтуудыг зохион байгуулан ажиллаж  байгаа нь тодорхой үр дүн өгч байна гэж дүгнэж байгаа.

-Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил, арга хэмжээг зохион байгуулж ажилласан бэ?

-Багануур дүүрэг 30 орчим мянган хүн амтай. Мэдээж дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахад анхаарч ажилладаг. Тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 30 мэдэгдэл бичиж, мэдэгдлийн мөрөөр хийсэн ажилтай газар дээр нь танилцсан. Мөн прокурорын байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд таниулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар иргэдэд мэдээлэл өгөх, яриа таниулга хийх зэргээр 58 ажил, арга хэмжээг зохион байгууллаа.

Тухайлбал, Багануур дүүргийн нутаг дэвсгэр дэх авто замын тэмдэг, тэмдэглэл, орон сууц, гэр хороолол доторх авто замуудын хөдөлгөөн зохицуулах техник хэрэгсэлд үзлэг, шалгалт хийсэн. Шалгалтын дүнгийн талаар дүүргийн Засаг дарга, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга нарт танилцуулга хүргүүлж ажилласны үр дүнд зам дагуу гэрэлтүүлэг нэмэх, жолоочийн нойр сэргээгч дэржигнүүрийг хийх, авто зам дагуу 15 ширхэг цагдаагийн албаны гэрэл дохио, тэмдэг байрлуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэснээр зам тээврийн осол, гэмт хэрэг бүртгэгдээгүй байна.

Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын гадна болон доторх дүрс бичлэгийн хяналтын камер нь стандарт шаардлагад нийцэж буй эсэхийг шалган, аж ахуйн нэгжүүдэд прокурорын мэдэгдэл хүргүүлж, илэрсэн зөрчлийг бүрэн арилгуулж ажилласан.

-Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын талаар товч мэдээлэл өгнө үү?

-Дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндэслэлгүйгээр сэжигтнийг баривчлах, яллагдагчийг цагдан хорих явдлыг таслан зогсоож хүний эрхийг хамгаалахад онцгой анхаарч ажилласнаар урьд оны мөн үеэс баривчлагдсан сэжигтэн болон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хүний тоо 80 гаруй хувиар буурсан.

Мөн Прокурор хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, түүнийг зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авч ажилладаг. Тухайлбал, эрх бүхий байгууллагуудын алба хаагчдаас ялтан, хоригдол, хоригдогч болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг зөрчихгүй байхад анхаарч, эрх бүхий байгууллагуудад шалгалт хийж, шалгалтын дүнг танилцуулан, сургалт хийж ажилласнаар эрүү шүүлт тулгасан, хүний эрхийг зөрчсөн талаарх гомдол, мэдээлэл Багануур дүүрэгт бүртгэгдээгүй байна.

Эх сурвалж: zindaa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636241
0 эможи

зочин
2022-04-19 11:19
прокурорууд ингэж ажилбал сайн бна.овоо шүү
keyboard_arrow_up