“70 давхар“ дахь шарилуудыг зохион байгуулалттайгаар тоносон гэв
Монголын бурханы шашинтны шинэ төвийн тэргүүн, Монголын их хүрээ хийдийн хамба номун хан, зурхайч, З.Санждорж Самбалхүндэвийн буюу "70 давхрын" оршуулгын газрыг Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгож буйтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэрээр: " Бурхан болоочдынхоо зан үйлийг зөв хийх, ёс заншлаа зөв уламжлуулан үлдээх, үүсээд байгаа асуудлын гарц шийдлийг тайлбарлах гэж энэ хурлыг хийж байна. Бурхан болоочоо хэрхэн хөдөөлүүлэх талаар 10 үзүүлэлт байсан юм билээ. Тэр хүний жил, суудал, мэнгэ, гараг, газар орон, төрөл зүйл, тодорхой өвчин, сар, эрхтэн, махбодь, цогцос гэсэн 10 шалгуураар хэрхэн хөдөөлүүлэхээ шийддэг байсан. Зүгээр нэг аж ахуйн албаны дарга ирээд, нэг захирагчын алба захирамж гаргаад болчихдоггүй. Одоо гэтэл "70 давхар" дахь шарилуудыг бүгдийг нь чандарлана гэж яриад байна. Ингэж болохгүй. Судар номонд чандарлаж болохгүй 40 цогцос гээд заасан байдаг. Би үүнийг эсэргүүцэж байгаа. Ард түмнээсээ асуух хэрэгтэй.
Тэр газрыг ахин ухалгүйгээр мод тарья. Бүх нийтийн санал тийм л байна. Юуг нь ч хөндөлгүйгээр зүгээр мод тарьчих л даа. Заавал ухаж сэндийчэж яах гээд байгаа юм бэ? Би тэр үйл ажиллагааг яагаад эсэргүүцээд байна вэ? гэхээр тэнд зохион байгуулалттайгаар бүх төмрийг нь тоносон байна. Тэнд одоо ширхэг зулын цөгц ч байхгүй. Бүх төмрийг нь аваад зарчихсан.
Та нар очоод үзээрэй. Бодлогоор зөвхөн төмрийг нь тоносон байна. Хэдэн зуун мянган шарил байгаа билээ. Тэр бүгдийн төмрийг тооцоод үзээрэй. Хэдэн зуун сая төгрөг гарна. Ийм ажиллагаа явж байна. Мөн энэ хотын мэдээлэлтэй хүмүүс очоод, хамгийн үнэ цэнтэй, дотроо алт, мөнгө хийсэн шарилуудыг зориуд ухасан байна. Зохион байгуулалттайгаар нэг хоёрыг нь тонож, муухай харагдуулж дараагийн зорилгодоо хүрэх гэж байна. Энэ бол газрын дээрэм хийх зохион байгуулалттай гэмт хэрэг. Газрын наймаа гэдэг нь маш тодорхой байгаа. Миний санал бол нэгдүгээрт, захирагчийн ажлын албаны дэргэд мэргэжлийн зурхайч ажиллуул. Тэгэхгүй бол энэ захирагчийн алба уламжлалаа мэдэхгүй байна. Хоёрдугаарт, Самбалхүндэв буюу 70 давхар гэх бурхан болоочийг хөдөөлүүлэх газарт бүхэлд нь мод тарих. Ар гэрийнхэн нь нэг, нэг мод тарихад тэр чигээрээ ой болно. Түүнээс биш тэр газрыг ухаж яах гээд байгаа юм бэ? Ерөнхийлөгчийн уриалгаар нэг л их мод тарих гэсэн хүмүүс. Яг тарих ёстой газраа модоо тарьдаггүй. Ямар төрийн бодлого ийм байдаг юм бэ? Энэ бол "Өлзийт цэцэрлэг" гээд нэртэй газар шүү. Тэр газар чинь эзэнтэй. Эзэнгүй биш, та нарт харагдахгүй байгаа юм шиг байна. Маш сайхан газар. Үүнийг мэдчихээд хувийн компани шунаад байна шүү дээ.
Буян үйлдэх гээд байгаа бол одоо байгаа чигээр нь мод тарь л даа. Заавал ухаж гаргаж яах гээд байгаа юм? Тэр сайхан "Өлзийт" бурхан болоочийн цэцэрлэг тэндээ байж л байг. Байх газраа байж л байг. Түүнээс хэн мөнгөтэй, эрх дархтай хүмүүс нь хотын газрыг бүгдийг нь авч дуусчихаад, хотод газар байхгүй болохоор бурхан болоочдынхоо газрыг дээрэмддэг байж болохгүй.
Ард түмнээ сонс. Энэ бол Монгол уламжлал биш шүү. Гандантэгчинлэн хийд маань өв соёлоо зөв таниулахын оронд мөнгөтэй хувийн компанийн халаасанд орж байна. Нэг сонин юм нь “Самбалхүндэв”-ийн буюу 70 давхрын оршуулгын газрыг бужигнжуулсан 04 сарын 15-ны өдөр бол Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, Номун хамба Д.Чойжамц гуайн төрсөн өдөр шүү дээ. Энэ санамсаргүй хэрэг үү? Үүний цаана ямар их наймаа байгаа вэ? гэж хардаж байна. Төрсөн өдрөөр нь бэлэг барьж байгаа юм уу? Үүнийг шалгах хэрэгтэй. " гэв.