М.Төрбат: Хүний шашин шүтэх эрх нь ямарч нөхцөлд хязгаарлагдахгүй, жам ёсны эрх мөн

2022 оны 4 сарын 18

Arslan.mn

УИХ-ын 2021 оны намрын чуулганы хэлэлцэх асуудалд Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн шинэ төслийг хэлэлцэхээр тусгаад байсан ч хуулийн төслийг өргөн барилгүй байсаар хаврын чуулган эхэлж байна. Энэ талаар эрх зүйч М.Төрбаттай ярилцлаа.

УИХ-ын намрын чуулганы хэлэлцэх асуудалд Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн шинэчилсэн төслийг хэлэлцэхээр тусгаад байсан ч хэлэлцэлгүй байсаар хаврын чуулган эхэллээ. Сүүлийн үед энэ хуулийн талаар зарим сүм хийдийн төлөөлөл, иргэдийн зүгээс санал бодлоо хэвлэл мэдээллээр идэвхтэй илэрхийлэх болсон. Та энэ талаар ямар санал бодолтой байдаг вэ?

-Энэ хууль хүний шашин шүтэх эрх, мөн төр сүм хийдийн харилцааг шинэ агуулгаар зохицуулах хууль учир төсөл боловсруулагчид нухацтай хандаж байгаа болов уу. Учир нь уг хуулийн төслийг чамбай боловсруулахгүй бол иргэд хооронд болон сүм хийд хооронд шашны талаар маргаан дэгдэх, хүний шашин шүтэх, эс шүтэх эрх хязгаарлагдах, улмаар үндэсний эв нэгдэлд хор учруулж  ч болох сөрөг талтай гэж би үзэж байна.
Өмнө нь УИХ-ын зарим гишүүн онол, практикийн харьцуулсан судалгаагүй, цаашид гарах үр нөлөөг тооцололгүй түүхий хуулийн төсөл өргөн барьснаас болж нийгмийн зүгээс шүүмжлэл хүлээн төслөө буцаан татаж байсан.
Ер нь хуулийн төслийг өргөн барихын  өмнө хуулийн төслийн онол, үзэл баримтлал, гол зохицуулалтын асуудлаар олон түвшинд хэлэлцүүлэг хийх, зөвшилцөлд хүрэх, Үндсэн хууль болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцуудад нийцүүлсэн байх учиртай юм.

Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг шинэчлэх зайлшгүй бий юу?

-Уг хуулийг анх 1993 онд баталснаас хойш 29  жил өнгөрч, уг хууль түүхэн үүргээ биелүүлсэн гэж үзэж болно. Учир нь өнгөрсөн хугацаанд уг хуулиар зохицуулж ирсэн нийгмийн харилцааны төлөв байдал, агуулга, хүний эрхийн мэдлэг боловсролд ихээхэн өөрчлөлт гарсан тул хуулийг шинэчлэх бодит шаардлага үүссэн. 
1992 оноос хойш Монгол Улсын хүн амын шашин шүтлэгийн талаарх мэдээллийг харьцуулж үзэхэд шашин шүтдэг хүн амын хувь хэмжээ, иргэдийн шүтдэг шашны урсгал, чиглэлийн эзлэх хувьд ч томоохон өөрчлөлт гарсан байдаг.
Тухайлбал, Монгол Улсад 1993 онд улсын хэмжээнд 93 сүм, хийд үйл ажиллагаа явуулж байсан  бол 2004 онд 225, 2010 онд 233,  2020 онд 410 сүм хийд тоологджээ. 2020 оны байдлаар хүн амын 15, түүнээс дээш насны хүмүүсийн 59,4 хувь нь шашин шүтдэг, 40.6 хувь нь өөрсдийгөө шашин шүтдэггүй гэж тодорхойлсон байдаг. Шашин шүтдэг хүмүүсийн 87,1 хувь нь Буддын шашинтан боловч насны бүлгээр үзэхэд 15-19 насны өсвөр үеийнхний дийлэнх нь Христийн, хүн амын зургаан хувийг эзэлдэг казах үндэстний ихэнх нь мусульман шашинтай байна. Эдгээрээс гадна хувиараа шашин, сүсэг бишрэлийн зан үйл хийдэг үзмэрч, зөн билигтэн, бөө мөргөлийн удган, зайран олширсныг ч бид мэднэ. 
Мөн Монголд шашны байгууллагууд олшрох, үйл ажиллагаа өргөжихийн хэрээр иргэдийн шашинд хандах хандлага, шашин шүтлэгийн байдал өөрчлөгдөж, улмаар нийгэм, соёл боловсрол, эдийн засаг, хүний эрхийн бүхий л салбарт хүчтэй нөлөө үзүүлэх болжээ. 
Энэхүү өөрчлөлтийн үр дүнг одоогийн  хуулиар зохицуулах боломжгүй. Үүний зэрэгцээ хуулийн зохицуулалтын хүрээ нь зөвхөн шашны байгууллагатай холбоо бүхий харилцаагаар хязгаарлагдсан, шашны харилцаанд тавих хяналтын хэлбэрийг  ганцхан Буддын шашны шинж, онцлогт тулгуурлан сүм, хийд, дацан, төв гэсэн хэлбэрээр тодорхойлсон нь бусад шашны байгууллагын бүтэц, зохион байгуулалттай зөрчилдөж байгаа зэргээс хамаарч тус хуулийн хэрэгжилттэй холбоотой олон бэрхшээл үүсэх болсон тухай судлаачид онцлох болсон байна. 

Монгол Улсын Үндсэн хуульд шашин, шашин шүтэх, эс шүтэх эрхийг яаж тодорхойлсон байдаг вэ?

-Монгол Улс 1924, 1940, 1960, 1992 онд тус бүр Үндсэн хуулиа шинэчлэн баталсан түүхтэй. 1992 оноос өмнөх Үндсэн хуулиуд нь коммунизмын номлол, үзэл суртлыг баталгаажуулсан, шашин шүтэх, эс шүтэх  эрхийг хязгаарласан агуулгатай. Харин 1992 оны  шинэ ардчилсан Үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөө  түүний дотор хүний шашин шүтэх эрх бүхий л талаар  баталгаажуулсан юм.
Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр “шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй” , “Хүнийг ...шашин шүтлэг, үзэл бодлоор ... нь ялгаварлан гадуурхаж үл болно.”, “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг.... үл хөндөнө.” хэмээн шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө нь хүний салшгүй эрх бөгөөд ямар ч нөхцөлд хязгаарлагдахгүй жам ёсны эрх мөн болохыг  баталгаажуулж өгсөн. 
Өмнөх Үндсэн хуулиудад хүний эрх гэдгийг зөвхөн БНМАУ-ын иргэдийн эрх гэж  явцуу хүрээнд тодорхойлж байсан бол 1992 оны Үндсэн хуулиар хүний эрхийг өргөн утгаар, өөрөөр хэлбэл өнөөдөр дэлхийн дээр амьдарч байгаа хар, шар, цагаан арьстай, олон соёл иргэншлийн нийт 7,8 тэрбум хүнд хамаатайгаар тодорхойлсныг онцлох ёстой. 
Түүнчлэн Монгол Улс нь хүний шашин шүтэх, эс шүтэх эрхийг хангах чиглэлд үүрэг хүлээлгэсэн НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал, 1966 оны Иргэний болон Улс төрийн эрхийн пакт, Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн пакт, Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай конвенц, Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенц, Хүүхдийн эрхийн тухай конвенцэд тус тус нэгдэн орсноор олон улсын өмнө буюу нийт хүн төрөлхтний өмнө үүрэг, хариуцлага хүлээх болсныг бид мэднэ.  

Үндсэн хуулийн “төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ...” гэсэн заалтын талаар иргэд, судлаачид янз бүрийн байр суурь илэрхийлж харагддаг. Та энэ талаар ямар байр суурьтай байдаг вэ?

-Үндсэн хуулийн “..төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ..” гэсэн заалтыг тухайн үеийн АИХ-ын депутат, одоогийн Гандантэгчлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц гуайн санаачилгаар Үндсэн хуульд оруулсан байдаг. Үүнийг зарим судлаачид буддын шашин бол  Монгол Улсын төрийн хүндэтгэн үзэх шашин мөн гэж Үндсэн хуулиар хуульчилж өгсөн, төр нь уламжлалт буддын шашнаа хүндэтгэж, буддын шашин нь төрөө дээдэлнэ гэсэн агуулга нь уламжлалт Буддын шашинд “тусгай статус” олгосон гэж үздэг тал бий.
Нөгөө талаас харвал  уламжлалт бурхны шашинд тусгай статус олгож хүндэтгэн үзсэн нь бусад шашныг үгүйсгэж, өөр итгэл үнэмшилтэй хүмүүсийн шашин шүтэх эрхийг хөндөж байгаа хэрэг биш гэдэг хүмүүс ч байдаг.
Зарим судлаач Үндсэн хуулийн дээрх заалт нь тунхаглалын  чанартай заалт учир төр бүх шашинд тэгш байдлаар хандах ёстой, нэг шашинд онцгой статус олгоно гэж ойлгох нь буруу, энэ нь хүний шашин шүтэх, эс шүтэх эрхийг хамгаалсан Үндсэн хуулийн үзэл баримтлалд харш гэх нь ч бий
Одоогийн шинэ хуулийн төсөлд дээрх маргаантай асуудлыг нэг мөр тодорхойлж өгөх шаардлагатай гэж үзэж байна.
Дээрх хуулийн зарим заалт  Үндсэн хуулийн Цэц дээр маргаан дагуулж шийдэгдсэн гэж сонссон...
 Төр сүм хийдийн харилцааны тухай хууль 1993 онд батлагдсаны дараа нэр бүхий иргэд тус хуулийн  зарим заалт нь Үндсэн хуульд бүх шашин тэгш эрхтэй, Монгол болон гадаадын иргэдийн шүтэх эрхийг нэгэн адилаар баталгаажуулсан  байхад үүнийг ноцтой зөрчсөн байна, мөн энэ хуулиар буддын болон мусульман шашныг бусад шашны дээгүүр тавьж гадаадын иргэдийн шашны сургалт, сурталчилгааг хаасан, сүм хийд нь Монголд байхгүй бүх шүтлэгтний шүтэх эрхийг хязгаарласан хууль болсноороо Үндсэн хуулийн үзэл баримтлал, зарчмыг зөрчсөн байна гэж үзэн Үндсэн хуулийн Цэцэд хандсан байдаг. 
Үндсэн хуулийн Цэцийн  хуралдаанаар Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн "Монгол Улс дахь буддын болон мусульман, шашин, бөө мөргөлөөс бусад шашны номлол, сургалт, сурталчилгааг тухайн шашны сүм хийдээс гадуур явуулахыг хориглоно" ,  "Буддын болон мусульман шашны сүм хийд байгуулахад Монгол Улс дахь тухайн шашны удирдах төвийн албан ёсны санал дүгнэлтийг авсан байна", "Тус улсад шашны байгууллагын шугамаар шашин номын зорилгоор ирснээс бусад гадаадын иргэн, харьяалалгүй хүн шашны сурталчилгаа явуулахыг хориглоно" гэсэн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ”, 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно...”,  16 дугаар зүйлийн 15 дахь хэсгийг “шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэн  хүчингүй болгожээ . 
Үндсэн хуулийн Цэц дээрх шийдвэрийг гаргахдаа “Монгол Улс дахь буддын болон мусульман шашин, бөө мөргөлөөс бусад шашны номлол, сургалт, сурталчилгааг тухайн шашны сүм хийдээс гадуур явуулахыг хориглоно” гэсэн заалт нь сүм хийд нь Монголд байхгүй бусад сүсэгтнүүдийн шашны номлол, сургалт, сурталчилгаа явуулах эрхийг хязгаарласан агуулга илэрхийлж байна. 
Мөн Буддын болон мусульман шашны сүм хийд байгуулахад Монгол Улс дахь тухайн шашны удирдах төвийн албан ёсны санал дүгнэлтийг авсан байна гэдэг заалт нь шашны байгууллагын дотоод хэрэгт төрөөс оролцож байгаа агуулгатай болжээ. Тус улсад шашны байгууллагын шугамаар шашин-номын зорилгоор ирснээс бусад гадаадын иргэн харьяалалгүй хүн шашны сурталчилгаа явуулахыг хориглоно гэдэг заалт тус улсад шашин номын зорилгоор ирснээс бусад бүх гадаадын иргэн, харьяалалгүй хүний салшгүй эрх болох шашин шүтэх шашны сурталчлах эрхэнд халдсан агуулгатай болжээ” гэж дүгнэсэн байдаг. Ингэж шийдсэнээрээ Үндсэн хуулийн Цэц ардчилсан Үндсэн хуулийнхаа үзэл баримтлал, зарчмыг хамгаалж чадсан гэж би үздэг.

Хүний шашин шүтэх эрх гэж юуг ойлгох вэ? Бусад улс орнуудын Үндсэн хуульд  яаж хуульчилсан байдаг бол?
-Юуны өмнө хүний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө бол хүний жам ёсны эрх чөлөө юм. Монгол Улсын Үндсэн хуульд онц болон дайны байдал зарласан тохиолдолд хуулиар хүний эрх, эрх чөлөөг  хязгаарлаж болох ч хүний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг.... үл хөндөнө хэмээн шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө нь хүний салшгүй эрх, ямар ч нөхцөлд хязгаарлагдахгүй жам ёсны эрх мөн болохыг хуульчлан баталгаажуулсан тухай би дээр хэлсэн.
Хүн бүр чөлөөтэй бодож сэтгэх,шашин шүтэх, эс шүтэх эрхтэй. Энэхүү эрхэнд өөрийн сонгосон шашин буюу шүтлэгтэй байх, эсхүл тийм шашин, шүтлэгтэй болох эрх чөлөөний зэрэгцээ ганцаар буюу бусадтай хамтран олон нийтэд буюу хувийн журмаар хичээл заах, хурал мөргөл хийх, шашны болон зан үйлийн ёслол үйлдэх зэргээр шашин шүтлэг номлох эрх чөлөө багтдаг. 
Хэнийг ч  өөрийн сонгосон шашин шүтлэгтэй байх, эсхүл ямар нэг шашин буюу шүтлэгт оруулахаар эрх чөлөөг нь хязгаарлаж албадан шахах ёсгүй. 
Хүний үүсмэл эрхийг дотоодын хууль тогтоомжоор хязгаарлаж болно. Жишээ нь, Монгол Улсын бараг 60 шахам хуулиар гадаадын иргэд болон харьяалалгүй хүний Монгол Улсад төрийн өмчлөлтэй байх, төрийн алба хаах болон байгаль орчин, ан агнууртай холбоотой зэрэг тодорхой  эрхүүдийг хязгаарласан байдаг бол тэдний жам ёсны эрх болох шашин шүтэх эрхийг хөндөх ёсгүй юм.
АНУ-ын Үндсэн хуулийн нэгдүгээр нэмэлт 1791 онд  Хүний эрхийн тунхаг нэртэй батлагдсан.. Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр хүний гол таван үндсэн эрх чөлөө болох шашин шүтэх, үг хэлэх, хэвлэл мэдээллийн болон эвлэлдэн нэгдэх,  гомдол гаргах эрх чөлөөг тус тус баталгаажуулж өгчээ.
Ингэхдээ шашин шүтэх эрх чөлөөг хориглосон болон ямар нэг шашныг албан ёсны болгосон хууль гаргаж болохгүй гэж оруулсан нь аль нэг шашныг нэгдүгээрт тавьж маргалдан тэмцэлдэх асуудлыг таслан зогсоож чадсан гэж америкчууд өөрсдөө онцлон тэмдэглэдэг юм.
Мөн бусад хүний эрхийг дээдэлсэн улс орнууд манай Үндсэн хуультай адилаар дээрх эрхийг баталгаажуулж бусад хуулиараа хамгаалсан байдаг.

Өнөөдөр манай улсад хүний шашин шүтэх, эс шүтэх эрх хэрхэн хангагдаж байна гэж та үздэг вэ?

-Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс жил бүр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний тайланг УИХ-д тавьдаг. Дээрх тайлангуудаас харахад Монгол Улсад хүний шашин шүтэх, эс шүтэх эрхийг зөрчсөн ноцтой үйлдэл дурдагдаагүй.
Гэхдээ одоогийн хуулиар шашны байгууллагын бүртгэлийн журамтай холбоотой нарийвчилсан заалт бараг тусгаагүй, бүртгэлийн хүчинтэй хугацааг хэрхэн тогтоохыг заагаагүй тул орон нутгийн эрх баригчид өөрсдөө журам боловсруулах эрхийг эдэлж байна. 
Ингэж хуульд зохицуулалтгүй орхисон хэсгийг аймаг, нийслэлийн ИТХ-аас журам баталж нөхөн зохицуулах оролдлого хийдэг, шалгуурыг орон нутаг бүр өөр өөрөөр тогтоодог, тухайн үеийн ИТХ-ын гишүүдийн мэдлэг, боловсрол, ойлголт, хандлагаас хамаарч шалгуурыг өөрчилдөг зэрэг эрсдэл үүсгэдэг.  Энэ нь шашны асуудлаар Монгол Улсын баримтлах нэгдмэл бодлогыг гажуудуулж, хууль тэгш үйлчлэх, нэг мөр хэрэгжих, тогтвортой байх зарчмыг алдагдуулж байна гэж судлаачид дүгнэдэг.
Иймд энэхүү бүртгэл, зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг Зөвшөөрлийн тухай хуулиар нэг мөр зохицуулж өгөх нь зүйтэй болов уу.
Зарим тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүнийг шашин шүтлэгээр нь гадуурхах, доромжлох явдал цөөнгүй гардаг ч энэ нь яваандаа нийгэмд хүний эрхийн тухай мэдлэг, боловсрол, хүлээлгэх хуулийн хариуцлага нэмэгдэх хэрээр засагдах байх гэж найдаж байна.

Иргэдэд хүний эрхийн мэдлэг, боловсрол олгох асуудлыг та юу гэж үздэг вэ?

-Та их чухал асуудал хөндлөө. Улс орон  хөгжих, олон улсын харилцаа өргөжихийн хэрээр бий болж байгаа шинэ үйл явдал, үзэгдэл дунд хүний эрхийн ойлголт, боловсролыг аль болох бага наснаас нь төлөвшүүлэх, хүний нас, боловсролд тохирсон байдлаар байнга олгож байх нь чухал юм. 
Мөн төрийн бүх шатны байгууллагад хүний эрхийг хангаж ажиллахыг Үндсэн хуулиар үүрэг болгосон тул УИХ-аас эхлээд төрийн бүх байгууллага, албан хаагчдын хүний эрхийн боловсрол, мэдлэгийг сайжруулах, хандлагыг өөрчлөх, хэрэв энэ шаардлагыг хангах чадваргүй бол тийм албан тушаалтнуудад хариуцлага тооцох нь хүний эрх баталгаажих гол хөшүүрэг болох байх. 
Сүүлийн үед эрх баригч МАН-ын зүгээс хүний эрхийн асуудлыг онцолж байгаа нь сайшаалтай. Тухайлбал, тус намын удирдлага хуульчдын оролцоотойгоор одоо хэрэгжиж байгаа хуулиудад хүний эрхийн зөрчлийн талаарх дүн шинжилгээ хийлгэснээр 800 гаруй зүйл заалт хүний эрхийг ямар нэг хэмжээгээр зөрчиж байгааг  тогтоолоо гэж байсан нь манай улсад хүний эрхийн хамгаалалт ямар түвшинд байгааг харуулж байна. 

Та хүний эрхийг ноцтой зөрчсөн хуулийн талаар тодорхой жишээ хэлнэ үү?

-УИХ аливаа хуулийн төслийг  хүлээн авах, хэлэлцэн батлахдаа хүний эрхийг зөрчсөн эсэх  дээр анхаарч байхын зайлшгүйг би өөрт тохиолдсон  жишээнээс  энд дурдъя.
Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн тухай мэдээллийг би  Үндсэн хуулийн Цэцэд гаргаж байсан. Миний мэдээллийн агуулга дараах үндэслэлтэй юм.  УИХ-ын болон орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шаардлага, эрх, үүрэг, баталгаа, хориглох үйлдэл, үйл ажиллагаа, захиргааны зөрчлийн хэлбэр зэргийг нийтлэг байдлаар хуульчилж, уг хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, 159 дүгээр зүйлийн 159.2 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийг ижил үндэслэлээр нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасаж, нийтэд мэдээлэхээр адилтган зохицуулсан байдаг. Гэтэл нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсанаас үүсэх эрх зүйн үр дагаврыг уг хуульд Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийн хувьд илт ялгавартайгаар хуульчилжээ. 
Тодруулбал, Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч нь Сонгуулийн тухай хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1- 70.5.10, 70.5. 13-70.5.16-д заасныг зөрчсөн тохиолдолд уг хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт зааснаар саналын хуудас хэвлэгдэхээс өмнө нэрийн жагсаалтаас хасагдсан нэр дэвшигчийг саналын хуудаст нэрийг нь бичихгүй. Харин уг хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт зааснаар нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүний түр үнэмлэхээ авсны дараа нэрийн жагсаалтаас хасагдсан бол Улсын Их Хурлын гишүүний түр үнэмлэхийг нь хүчингүйд тооцно гэсэн байдаг.
Харин орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигч нь Сонгуулийн тухай хуулийн дээр дурдсан заалтуудыг зөрчсөн тохиолдолд уг хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт зааснаар нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхээр илт ялгавартай хуульчилсан байна. 
- Эрх зүйн харилцааны ижил нөхцөл байдалд тэгш эрхийн зарчим үйлчлэх чиг хандлага, эрх зүйн үзэл баримтлал нэгэнт тогтсон байх учиртай. Үүнээс үзэхэд, ижил зөрчил гаргасан Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчтэй харьцуулахад орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшигчид хэт өндөр хариуцлага хүлээхээр хуульчилснаас гадна хууль зүйн хэд хэдэн хариуцлагыг нэг хүнд нэгэн зэрэг ногдуулахаар заажээ. 
Тухайлбал, нэгдүгээрт, хасагдсан нэр дэвшигч зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших; хоёрдугаарт, төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах; гуравдугаарт, урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх хариуцлагыг давхар хүлээх болсон нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх заалтыг зөрчсөн байна гэснийг Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын 2016 оны есдүгээр сарын 21-ний дүгнэлтээр хүчингүй болгож, УИХ-ын 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн тогтоолоор түүнийг хүлээн зөвшөөрсөн байдаг.
Ингэснээр 2016 онд сум, дүүрэг, аймаг, нийслэлийн ИТХ-ын 11400 гаруй мандатад   нэр дэвшин өрсөлдөж байсан хүмүүсийн эрх зөрчигдөхөөс хамгаалж чадсан юм. Дээрх ялгаатай заалт нь одоогийн хэллэгээр double стандарт буюу хууль шүүхийн өмнө хүн бүр эрх тэгш байх эрхийг маш бүдүүлгээр зөрчсөн явдал байсан. 

Эцэст нь хэлэхэд хүний жам ёсны эрх болох шашин шүтэх, эс шүтэх эрхийг Монгол Улсын Үндсэн хууль болон нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийн агуулгад нийцсэн байдлаар зохицуулсан Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн шинэ төсөл удахгүй өргөн баригдана гэдэгт итгэлтэй байна.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636197
1 эможи

keyboard_arrow_up