Цахилгааны хөнгөлөлт ирэх сарын 31-нд дуусна
Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газраас жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс дараа оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл гэр хорооллын айл өрхийн цахилгаан, эрчим хүчний шөнийн хэрэглээг хөнгөлдөг. Энд нийслэл хот болон Төв, Өвөрхангай зэрэг зарим аймгийн (10 мянгаас дээш оршин суугчтай төв суурин газрын төв) гэр хорооллын айл өрхүүд хамрагддаг бөгөөд төрөөс 23.2 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Үүний зэрэгцээ цар тахлын нөхцөл байдалд айл өрх, албан байгууллагын цахилгаан, эрчим хүчний хэрэглээний төлбөрийг төр, засгаас даан дэмжлэг үзүүлж байгаа юм.
Үүнд, Засгийн газрын өнгөрсөн оны 211 дүгээр тогтоолоор айл өрх болон зарим ААН-ийн цахилгаан, дулаан, уурын төлбөрийг төрөөс дааж ирсэн. Дээрх дэмжлэгийн хүрээнд өнгөрсөн хугацаанд 868.5 тэрбум төгрөгийг төрөөс гаргажээ. Энд давхардсан тоогоор нэг сая орчим хэрэглэгч хамрагдсан байна. Үүний дараагийн шатны арга хэмжээ үргэлжилж, энэ оны тавдугаар сарын 31-нийг хүртэл айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс мөн дааж байгаа юм. Энэ нь орон сууцтай өрхөд 250 квт, гэр хороололд 350 квт хүртэл хэрэглэсэн эрчим хүчний төлбөрийг төрөөс даах шийдвэр бөгөөд өнөөдрийг хүртэл хэрэгжээд явж байна. Энэхүү хөнгөлөлт ирэх сарын 31-нийг хүртэл үйлчилж, зургадугаар сарын 1-нээс хойш айл өрх цахилгаан, эрчим хүчний төлбөрөө 100 хувь өөрсдөө төлөөд явах болсон талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдэгдлээ.