СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхэд өртсөн 7 осол бүртгэгдэж, 10 хүүхэд гэмтжээ
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1448 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1116 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 47 хүн гэмтэж бэртсэний 22 нийслэлд, 26 орон нутагт бүртгэгдсэн бол ослын улмаас 5 хүний амь хохирсон байна.
Энэ 7 хоногт хүүхэд өртсөн 7 осол бүртгэгдэж 10 хүүхэд гэмтсэн байна. Дээрх осолд өртсөн хүүхдүүдийн 6 явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцжээ.
Иймд, эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, явган зорчигч хэлбэрээр бие даан хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар, тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа аюулгүй байдлаа хангаж зам хөндлөн гарах, замын хөдөлгөөнд зөв оролцох дадлыг хэвшүүлэх шаардлагатай байна.
Тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтыг баримталж хөдөлгөөндөө соёлтой оролцоно уу
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 399 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 320 орон нутагт 79 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.
Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.