Дөрвөн сартай хүүхдээ гудамжинд үлдээсэн эцэг эх хоёулаа согтуу байжээ

2022 оны 4 сарын 14

Arslan.mn

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 13-ны өдөр “Налайхчуудын нээлттэй групп” нэртэй цахим хуудсанд нярай хүүхдийг гудамжинд үлдээсэн талаарх мэдээллийг оруулжээ.

Улмаар тус дүүргийн Цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж, дөрвөн сартай хүүхдийг авч, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулж, түр хамгаалах байранд аваачиж хамгаалалтад авсан.

Тухайн хүүхдийн эцэг эх /28-38 настай/ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир Эрүүлжүүлэх байранд саатуулжээ. Өнөөдөр саатуулах байрнаас гаргаж зөрчил шалган шийтгэх ажиллагааг явуулж байна хэмээн Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Тухайн эцэг эхэд ямар хариуцлага тооцох тухай ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангайгаас тодрууллаа. Тэрбээр “Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлд Хүүхдийн эрх зөрчих гэсэн зөрчлийг 8 заалттайгаар хуульчилсан байдаг. Үүний 7 дахь хэсэгт Хүүхдийн бие махбодод халдсан эсвэл үл хайхарсан, хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй тохиолдолд иргэнийг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заасан байдаг.

Мөн хүүхдийн эрхийн улсын байцаагчаас Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шалгана. Түүнчлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд зөрчлийг шалгах ажиллагааг явуулж байна” гэлээ.

Энэ асуудлаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 13.00 цагт мэдээлэл өгөхөөр болжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
636084
1 эможи

keyboard_arrow_up