Б.Цэнгэл: Төрийн албаны 1000 гаруй автомашины зардалд жилд 11 тэрбум төгрөг зарцуулдаг

2022 оны 4 сарын 13

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл төрийн алба, төсөвт байгууллагад хэрэглэгдэх автомашины стандартыг шинэчилж байгаа талаар мэдээлэл өглөө.

Тэрээр "Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас төрийн болон төрийн өмчийн оролцоотой компани болон төсөвт байгууллагууд, яам, агентлагуудын ашиглаж байгаа тээврийн хэрэгслийн талаарх судалгааг гаргасан. Улмаар энэ асуудлыг зохицуулсан журам, Засгийн газрын тогтоолын төсөл дээр ажиллаж байна. Судалгаанд ойролцоогоор 1000 гаруй тээврийн хэрэгсэл хамрагдсан.

Эдгээр машинтай холбоотойгоор жилд 11 тэрбум төгрөгийн зардал гардаг нь тогтоогдсон. Зардлыг ангилж үзвэл, жолооч нарын цалинд жилд дөрвөн тэрбум төгрөг зарцуулж байна. Сэлбэг хэрэгсэлд нэг тэрбум, даатгал, татварт гурав орчим тэрбум төгрөг гарч байгаа гэх судалгаа гарсан. Энэ бол маш үрэлгэн зардал гэж бид үзэж байгаа. Төрийн өмчит компанийн гаргасан судалгаагаар нийт 10 орчим мянган тээврийн хэрэгсэл байна.

Бид энэ долоо хоногт Засгийн газарт төслөө танилцуулсан. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралд нэг журам, хоёр тогтоолын төсөл оруулахаар бэлтгэж байгаа. Тээврийн хэрэгслийг хэрэглэх журам уг нь байдаг. Уг журмыг шинэчлэхээр ажиллаж байгаа. Тухайлбал, шинээр автомашин худалдаж авахад зүүн гар талдаа жолооны хүрдтэй, байгальд ээлтэй чиглэлийн автомашин худалдаж авах ёстой гэх журам оруулж байгаа. Гэхдээ эдийн засгийн хүндрэлтэй энэ үед автомашин худалдаж авахгүй.

Цаашдаа ямар зарчмаар ажиллах тал дээр анхаарч байна. Түүнчлэн том оврын автомашиныг хот суурин газар ашиглахгүй байх зохицуулалт хийж байгаа. Энэ жил 200 гаруй том оврын автомашиныг төвлөрүүлэхээр болсон. Эндээс ангилна. Бололцоотой тээврийн хэрэгслийг дуудлага худалдаагаар борлуулаад мөнгийг нь улсын төсөвт төвлөрүүлнэ. Мөн хууль хяналтын байгууллага болон хөдөө орон нутагт хэрэглэж болох автомашиныг шилжүүлэх зохицуулалт хийнэ. Цаашдаа төрийн алба, төсөвт байгууллагад хэрэглэгдэх автомашины стандартыг шинэчилж байгаа. Машины тоо цөөрөхөөр жолоочийн тоо цөөрнө" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
636031
2 эможи

keyboard_arrow_up