Б.Хоролсүрэн: Мэргэжилдээ эзэн, чадварлаг ажилтнууд байгууллагын тулгуур гэж боддог
Зүүн түгээх төвийн Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Хоролсүрэн:
Манай төв нь 220 гаруй ажилтантай Баянзүрх дүүргийн 13 хороо, Сүхбаатар дүүргийн 7 хорооны нутаг дэвсгэрт ус, дулаан түгээх 24 цагийн үйл ажиллагаа явуулдаг.
Ажилтнуудын 30 гаруй хувь нь дээд боловсролтой, бусад хувь нь мэргэжилтэй ажилтнууд, 65 хувь нь 5-аас дээш жил ажилласан туршлагатай мэргэжлийн хамт олон бүрдсэн. Ажилсаг хичээнгүй, бүтээлч хамт олноороо бахархдаг. Манай хамт олны дунд Төрийн дээд одон медаль болох Алтан гадас одонт машинист Т.Жаргал, Ж.Дашзэвэг, Хөдөлмөрийн хүндэт медальт Дарга Ё.Мэндбаяр, Ахлах инженер Т.Батаа, Засварын инженер Т.Баяраа, Машинист Т.Ганхуяг, Н.Ганбаатар, Б.Батжаргал, Б.Баяраа нар, бусад дээд газрын шагналтай олон ажилтнууд ажиллаж байна. Хүний нөөцийн мэргэжилтний бахархал нь ажилтнаа шагнуулахад өөрөө шагнал авсан мэт баярлаж, ажилтнуудаасаа урмын үг сонсох байдаг.
Манай хамт олон нь 2017 онд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын “Шилдэг хамт олон” болж байсан нь хамт олны минь ажлын үр дүнгийн илрэл юм.
Мэргэжилдээ эзэн, чадварлаг ажилтнууд байгууллагын тулгуур гэж боддог. Инженерүүдийн санаачлагаар ус дулаан дамжуулах 22 дугаар төвд байрлах хурлын зааландаа холигч насосны узель угсарч үүндээ тулгуурлан шинээр орсон ажилтнууд болон мэргэжилтэй ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг үе шаттай зохион байгуулж байна. 2021 онд гэхэд 20 нэр төрлийн сургалтыг танхим болон цахимаар зохион байгуулж, 1170 ажилтнуудыг давхардсан тоогоор хамруулсан байна. 2022 ондоо танхимын сургалтыг түлхүү зохион байгуулахаар төлөвлөж, төлөвлөгөөний дагуу мэргэжилтэй ажилтнуудыг чадавхжуулах, мэдлэг олгох 5 сургалтыг зохион байгуулсан байна.
Шинэчлэгдсэн Хөдөлмөрийн тухай хууль 2022 оны 01 дүгээр сараас хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан ээлжийн ажилтнуудын цагийн хуваарьт өөрчлөлт орж, машинист, ээлжийн инженер, засварчин, цахилгаанчин зэрэг албан тушаалд 53 орон тоог нэмэгдүүлсэн. Шинээр ажилд орсон ажилтнуудыг дасан зохицлын журмын дагуу чиглүүлэн, мэргэжилд нь чадвархжуулж, өдөр тутмын удирдлагаар ханган, Хөдөлмөрийн тухай хууль, бусад холбогдох дүрэм журмыг танилцуулж, хөдөлмөрийн гэрээ байгуулж, удирдлага зохион байгуулалтыг ханган ажиллаж байна.