ХХААХҮЯ: Хаврын тариалалтын улаанбуудайн үрийг дотоодоос хангах бүрэн боломжтой
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Атрын IV аян-Эх орны эрүүл хүнс” уриатайгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан” үндэсний чуулган “Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн”-өөр эхэллээ.
Геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхий даяар улаанбуудайн хомсдол үүсэх эрсдэлтэй байна. Энэ үед Монгол Улс хаврын тариалалтад зориулж улаанбуудайн үрийг дотоодоосоо хангах бүрэн боломжтойг Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрлэлийн яам мэдээллээ.
Хөдөө аж ахуйг дэмжих зорилгоор гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкнуудаар дамжуулан олгож эхэлсэн байна.
Засгийн газраас 400 тэрбум төгрөгийн зээл гаргахаар шийдвэрлэснээс газар тариалангийн салбарт 100 тэрбум, хүнсний ногоо тариалагчид 50 тэрбум төгрөгийн зээл олгоно.
Тухайлбал: ноолуур бэлтгэлд 150 тэрбум, ноос бэлтгэлд 25 тэрбум, арьс шир бэлтгэлд 15 тэрбум төгрөгийн зээлийг тус бүр хоёр жилийн хугацаатайгаар, харин гурил тэжээл бэлтгэл, үйлдвэрлэлд 40 тэрбум төгрөгийн зээлийг нэг жилийн хугацаатай олгож байгаа ажээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун “Газар тариалангийн салбарын бодлого, зорилт тулгамдаж буй асуудлууд, хэрэгжүүлэх арга зам” сэдвээр,
тус яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, доктор Д.Есөн-Эрдэнэ “Таримал ургамлын үр сортын салбарын эрх зүйн шинэчлэл” сэдвээр,
Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Гүйцэтгэх захирал О.Сумъяасүрэн “Төрөөс тариалангийн салбарт үзүүлэх хөнгөлөлт, дэмжлэг”-ийн талаар,
Монголын тариаланчдын үндэсний холбооны Ерөнхийлөгч Ц.Рэнчинсэнгээ Монголын тариаланчдын үндэсний холбооны талаар,
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал, доктор Г.Сарантуяа “Тариалалтад баримтлах технологийн ерөнхий зөвлөмж”-ийн талаар,
Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ЭША, доктор, дэд профессор Т.Дэжидмаа “Үр тарианы таримлын өвчин хортон, хог ургамлын тархалт, анхаарах асуудлууд” сэдвээр, Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн захирал, доктор Н.Баярсүх “Монгол орны ургамлын генетик нөөцийн ашиглалт, хамгаалалт, үрийн аж ахуйн тогтолцоог сайжруулах нь” сэдвээр илтгэл танилцуулж, мэдээлэл өгч байна.