“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй” бүсчилсэн сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна
Цагдаагийн ерөнхий газрын даргын санаачилгаар гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор шинэлэг арга, аргачлалыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажлууд хийгдэж байна.
Энэ хүрээнд “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй” сэдэвт бүсчилсэн сургалтыг энэ сарын 04-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж байна. Сургалтыг НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс нийслэл, орон нутгийн Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, цагдаагийн газар, хэлтсүүдтэй хамтран зохион байгуулж байгаа юм.
Энэхүү бүсчилсэн сургалтын онцлог нь цаг үеэ дагаад зайлшгүй шаардлагатай 16 төрлийн сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Тухайлбал, "Жендэрт суурилсан хүчирхийллийн тухай ойлголт, олон улсын харилцаа", Хохирогч, хүчирхийлэгчийн сэтгэл зүйн онцлог", "Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил, гэмт хэргийг шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал", "Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил, хамтарсан багийн ажиллагаа", "Хүүхэд хамгаалал" зэрэг сэдвийн хүрээнд сургагч багш нар хичээлийг орж байна.
Үүний үр дүнд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд цагдаагийн алба хаагчид шинэ арга, аргачлалуудын талаар нэгдсэн ойлголт, арга зүйтэй болох, урьдчилан сэргийлэх ажлын цар хүрээг нэмэгдүүлэх, хамтарсан багийн ажиллагааг сайжруулах, гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, бүртгэх, шалган шийдвэрлэх, хамгаалах зэрэг бүхий л ажиллагаанд хохирогч төвтэй хандлагыг мөрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Сургалтад 21 аймгийн нийт 176 алба хаагч хамрагдсан бөгөөд сургалт энэ сарын 15-ны өдрийг дуустал үргэлжилнэ.