ЦЕГ: Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, сэргийлэх БҮСЧИЛСЭН СУРГАЛТЫГ зохион байгуулж байна
Цагдаагийн ерөнхий газрын даргын санаачилгаар гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд цаг үеэ дагаад шинэлэг арга, аргачлалыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажлууд хийгдэж байгаа билээ.
Энэ хүрээнд улсын хэмжээнд “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй” сэдэвт бүсчилсэн сургалтыг 04 дүгээр сарын 04-өөс 15-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэхүү бүсчилсэн сургалтыг НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс нийслэл, орон нутгийн Прокурор, Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Цагдаагийн байгууллага, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газруудтай хамтран зохион байгуулж байна.
Энэ удаагийн бүсчилсэн сургалтын онцлог нь цаг үеэ дагаад зайлшгүй шаардлагатай гэсэн 16 төрлийн сэдвийг хамруулсан. Тухайлбал, "Жендэрт суурилсан хүчирхийллийн тухай ойлголт, олон улсын харилцаа", Хохирогч, хүчирхийлэгчийн сэтгэл зүйн онцлог", "Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил, гэмт хэргийг шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал", "Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил, хамтарсан багийн ажиллагаа", "Хүүхэд хамгаалал" зэрэг сэдвийн хүрээнд сургагч багш нар хичээлийг орж байна.
Бүсчилсэн сургалтад 21 аймгийн нийт 176 алба хаагч хамрагдлаа. Сургалт цаашид үргэлжлэн зохион байгуулагдана.
Үүний үр дүнд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд цагдаагийн алба хаагчид шинэ арга, аргачлалуудын талаар нэгдсэн ойлголт, арга зүйтэй болох, урьдчилан сэргийлэх ажлын цар хүрээг нэмэгдүүлэх, хамтарсан багийн ажиллагааг сайжруулах, гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, бүртгэх, шалган шийдвэрлэх, хохирогч хамгаалах зэрэг бүхий л ажиллагаанд хохирогч төвтэй хандлагыг мөрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр дагнасан 100 орчим алба хаагч ажиллаж байгаа бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хохирогчид туслалцаа үзүүлэх цаашлаад хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх ажилд цагдаагийн байгууллага онцгойлон анхаарч байгаагийн илрэл юм.