ЖДҮХС-гийн захиралд 13 сая төгрөгөөр торгох ЯЛ ШИЙТГЭЖЭЭ
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гийн захирлаар ажиллаж байсан О.Мөнгөнцэцэгт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүний гаргасан хүсэлтийн дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.
Тэрбээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөөд хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргаж болно” гэсний дагуу НПГ-ын хяналтын прокурор хэргийг нь хянаад шүүхэд хүргүүлсэн юм.
Улмаар шүүхээс О.Мөнгөнцэцэгт нийтийн албанд томилогдох эрхийг нь тодорхой хугацаагаар хасаж, 13 сая төгрөгөөр торгох ял оноосон байна. Тэрбээр ЖДҮХС-гийн захирал, Төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүнээр ажиллаж байхдаа Хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах түр журмыг зөрчин, хамаарал бүхий хүн буюу хадам дүүгийнхээ нөхөр Н.Оргилын эзэмшлийн “Ийстерн агро” ХХК-д 400 сая төгрөгийн зээл олгосон хэрэгт холбогдсон.
ЖДҮХС-гийн захирал асан О.Мөнгөнцэцэг өмнө нь дээрх үйлдлээс гадна “Алтай групп” буюу “Алтай констракшн” компанийн хамааралтай “Блю скай стар”, “Кореасан са”, “Төгс шим”, “Рояал кроун”, “Буйр лейк тур” ХХК тус бүрт хоёр тэрбум төгрөгийн зээл авах боломжийг бүрдүүлж, давуу байдал олгосон гэх хэрэгт тус сангийн Зээл, төслийн албаны дарга бөгөөд Төсөл сонгон шалгаруулах хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан П.Довчинсамбуутай хамт холбогдож байсан юм.
Бэлтгэсэн Г.Равжаа
Эх сурвалж: Өнөөдөр сонин