Алдаатай гүйлгээ, андуурсан илгээмжтэй холбоотой 873 ХЭРЭГ БҮРТГЭЖЭЭ
Прокурорын байгууллага энэ оны нэгдүгээр улиралд 32 байгууллагын 10.513 зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллажээ. Түүнчлэн давхардсан тоогоор 834.111 зөрчлийн хэрэгт хяналт тавьж 99.7 хувийг эцэслэсэн байна.
127 ЯЛЛАГДАГЧИД ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЖЭЭ
Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэрэгт үндэслэлгүйгээр оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар 494 дүгнэлт бичиж шүүхээр шийдвэрлүүлэн зөрчигдсөн эрхийг сэргээлээ.Эхний улиралд хүүхдийн эрхийн зөрчил 671 удаа үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс гурван хувиар буурав. Мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн зөрчил 3514 удаа үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 9.4 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн зөрчил 2655 удаа үйлдэгдсэн нь 6.3 хувиар өссөн нь хамгийн өндөр хувьтай байна.
Прокурор зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор 80 шалгалт хийхэд 677 зөрчил илэрч, 118 шаардлага хүргүүлж, 77 албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авчээ. Мөн 127 яллагдагчид холбогдох 83 хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Тодруулбал, 17 хүртэлх насны 12, 18-30 насны 37, 31-44 насны 59, 45-аас дээш насны 19 хүн өршөөлд хамрагдсан бол хүйсийн хувьд 79.5 хувь нь эрэгтэй, 20.5 хувь нь эмэгтэй байна. Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болгосон хэргийн дийлэнх буюу 71.1 хувийг Эрүүгийн хуульд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг эзэлж байгаа аж. Харин гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан 1782 хэргийн 1954 яллагдагчтай ял тохиролцож, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүллээ.
ХОХИРОЛ ТӨЛҮҮЛЭХЭЭР 631.6 ТЭРБУМ ТӨГРӨГ БИТҮҮМЖИЛЖЭЭ
Зөрчигдсөн эрхийг хамгаалах, хохирол нөхөн төлүүлэх, торгох болон эд хөрөнгө хураах ялын биелэлтийг хангуулах зорилгоор прокурорын зөвшөөрлөөр 17.9 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 631.6 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэв. Прокурор гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан 58.6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авч ажиллажээ.
Прокуророос хяналт тавьсан хэрэг бүртгэлтийн нийт хэргийн ихэнх хувийг хулгайлах, залилах гэмт хэрэг эзэлж байна. Тодруулбал, хулгайлах гэмт хэрэг 12.566 буюу 38.7 хувь, залилах гэмт хэрэг 6958 буюу 21.4 хувь, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг 873 буюу 2.7 хувь, завших гэмт хэрэг 646 буюу 2.0 хувь бүртгэгджээ. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 475 буюу 1.5 хувь, авлига, албан тушаалын 755 хэрэг шалгагджээ. Үүнээс прокурор 73 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 52 хувиар өсөв. Прокуророос хяналт тавьсан Авлигын гэмт хэргийн 61.4 хувь нь нийслэлд, 38.5 хувь нь орон нутагт үйлдэгдсэн бол орон нутгаас Төв, Сэлэнгэ аймагт хамгийн их бүртгэгджээ. Авлигын хэргийн 76.6 хувийг төрийн алба болон төсвийн хөрөнгөтэй харьцах эрх бүхий албан тушаалтнуудаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэрэг эзэлж байна.
МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРГИЙН 17 ХУВЬ ТАТВАР ТӨЛӨХӨӨС ЗАЙЛСХИЙЖЭЭ
Мөнгө угаах 194 хэрэгт хяналт тавьж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэргээс 27 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Прокуророос хяналт тавьсан Мөнгө угаах гэмт хэргийн 32.4 хувь нь залилах, 28.3 хувь нь авлига, 17 хувь нь татвар төлөхөөс зайлсхийх, хоёр хувь нь Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгийг угаасан үндэслэлээр давхар шалгагджээ.
Улсын хэмжээнд Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаарх 25 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар өсчээ.
Сүүлийн үе бүртгэгдэж байгаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдогчдын дийлэнх хувь нь 18-30 насныхан байна.
Прокуророос эхний улирлын хүүхдийн эсрэг үйлдэгдсэн 49 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 40 хувиар өсөв. Хүүхдийн эсрэг гэмт хэргийн 35 буюу 71.4 хувь нь нийслэлд, 14 буюу 28.6 хувь нь орон нутагт үйлдэгджээ. Гэмт хэргийн улмаас 53 хүүхэд хохирогчоор тогтоогдсоноос 3.8 хувь нь найм хүртэлх, 28.2 хувь нь 8-13, 68 хувь нь 14-17 насны хүүхдүүд байгаа бол 12 эрэгтэй, 41 эмэгтэй хүүхэд байна. Прокурор хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн найман хүнд холбогдох 12 эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Прокурор Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 116 хэрэгт хяналт тавьж, 49 хүнд холбогдох 39 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
ШИЙДВЭРГҮЙ, ХУГАЦАА ХЭТЭРЧ ХОРИГДСОН ДӨРВӨН ХҮНИЙГ СУЛЛАЖЭЭ
Хорих ял эдэлж байгаа 3400, цагдан хоригдсон 2800, Зөрчлийн хуульд зааснаар баривчлах шийтгэлээр шийтгүүлсэн 5000, албадан саатуулсан 1340, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн, тэнсэх, албадлагын арга хэмжээ авсан 10400 хүн, хуулийн этгээдийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хяналт тавин ажиллажээ. Энэ үеэр хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байгаа эсэхтэй 1532 удаа танилцаж, 176 шалгалт хийлээ. Шалгах, танилцах ажиллагааны явцад ял эдлүүлэх ажиллагаанд мөрдөгдөж буй хууль, журмыг зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 514 зөрчил илрүүлж, 51 шаардлага бичиж, үүргээ биелүүлээгүй таван албан хаагчид сахилгын арга хэмжээ тооцуулсан. Түүнчлэн эрх нь зөрчигдсөн дөрвөн хоригдол этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээв. Тухайлбал, цагдан хорих, баривчлах байранд тогтоол шийдвэргүй хоригдсон, шийдвэрт заасан хугацаа хэтрүүлсэн гурван хүнийг прокурорын тогтоолоор суллаж зөрчигдсөн эрхийг сэргээсэн байна.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин