Цагдаагийн алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг хангаж “Жагсагчид сэтгэлийн хөөрөлд автах вий“ гэх үүднээс жагсаалыг тараав
Өчигдөр /2022.04.07/ эхэлсэн "Монголдоо сайхан амьдаръя" залуучуудын жагсаал Сүхбаатарын талбай болон Маршалын гүүр орчимд өнөөдөр /2022.04.08/ өглөөний үүрийн 05 цаг хүртэл үргэлжилсэн. Үнийн өсөлтийг бууруулахад дорвитой арга хэмжээ авах, тэгш боломжоор хангах, хүүхдэд ээлтэй нийгмийг бүтээх гэхчлэн товчхондоо Засгийн газар ажлаа чанартай ажиллаж, хэмнэлтийн горимоо төр өөрсдөө баримтлахыг шаардсан жагсаал хийсэн.
Гэтэл хэдийгээр жагсаал тайван үргэлжилж байсан ч 22:00 цагаас нөхцөл байдал өөрчлөгдсөн. Хүмүүс нэмэгдэж, замын хөдөлгөөнд саад учруулах зэрэг хүндрэл гарсан. Тиймээс цагдаагийн байгууллагаас аргагүйн эрхэнд замыг хаасан.
Мөн жагсч буй иргэдээс жагсагчдын дунд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүмүүс байна гэсэн мэдээлэл өгсөн. Дээрээс нь насанд хүрээгүй хүүхдүүд байсан.
Хуулиар бол насанд хүрээгүй хүн жагсаал цуглаанд оролцох хориотой. Мөн залуус гал, чанга дуу чимээ гаргаж байгаа нь нийтийн хэв журам зөрчсөн хэлбэр. Тиймээс цагдаагийн алба хаагчид тодорхой шаардлага тавьсан.
Мөн шөнийн цагаар хэсэг жагсагчид сэтгэлийн хөөрөлд автаж болзошгүй нөхцөл байдал үүсч, "Төрийн ордны хаалга үүдийг эвдэж оръё" гэж уриалан нөхцөл байдлыг хүндрүүлсэн учир төв талбайн эргэн тойрны аж ахуйн нэгж, байгууллагууд, иргэдийн аюулгүй байдлыг хангаж, урьдчилан сэргийлж, "Жагсагчид сэтгэлийн хөөрөлд автах вий“ гэх үүднэээс цагдаагийн алба хаагчид Баасан гарагийн 04:00 цагийн орчимд жагсаалыг тараасан.
Жагсаалын үеэр цагдаагийн байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг нь хангахын тулд нэмэлт бүрэлдэхүүн гарган ажилласан юм.