БАРИМТ: Н.Алтанхуягын “сахал” Эрдэнэбилэгт бэлэглэсэн Төмөрлөгийн үйлдвэр оффшорт бүртгэлтэй “Кью Эс Си” компанийн мэдэлд байдаг
Н.Алтанхуягын “сахал” Эрдэнэбилэгт бэлэглэсэн Төмөрлөгийн үйлдвэр оффшорт бүртгэлтэй “Кью Эс Си” компанийн мэдэлд байдаг. Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн нэрс ил болж, зээлийн хамгийн их будилаантай түүх үлдээсэн хүнээр ХХБ-ны эзэн “сахал” Эрдэнэбилэг тодорч эхлэх үед Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нарын нэр тод сонсогдох болсон юм.
Энэ үеэр Н.Алтанхуяг бусдаас илүү тод дуугарч, Хөгжлийн банкны зээлэнд ямар ч холбоогүй мэт байр суурь илэрхийлж байв. Гэвч үнэн хэрэгтээ Н.Алтанхуяг нь Хөгжлийн банкны чанаргүй зээл, тэр дундаа “сахал” Эрдэнэбилэгт ашигтай байх шийдвэрийг гаргаж өгсөн Ерөнхий сайд нарын нэг байсан баримтыг дэлгэж байна.
Худалдаа, хөгжлийн банкны эзэн “сахал” Д.Эрдэнэбилэгийн “Кью Эс Си” компани 2011 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын лообийгоор Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг аль хэдийнэ авчихаад байлаа. Үүнээс гурван жилийн дараа буюу 2014 оны хоёрдугаар сард Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын 69 тоот тогтоолыг үзэглэсэн нь бүхэлдээ “сахал” Эрдэнэбилэгт Төмөрлөгийн үйлдвэрийг бүр мөсөн “бэлэглэх” ашиг сонирхлын шийдвэр болж өгчээ.
Энэ тогтоолоор Н.Алтанхуяг “Кью Эс Си” компанид Төмөрлөгийн үйлдвэрийг концессын гэрээгээр өгсөн баримтыг та харж байна. Харамсалтай нь төмөрлөгийн үйлдвэр Монгол Улсад биш Британийн Виржини аралд бүртгэлтэй, оффшор компани “Кью Эс Си”-ийн саварт очсон байлаа. Н.Алтанхуягын үзэглэсэн концессын гэрээ байгуулах тухай тогтоолд “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах ажлыг “Кью Эс Си” компанид даалгасан бөгөөд “Сахал” Д.Эрдэнэбилэг ийнхүү төрийн өмчийн төмөрлөгийн үйлдвэрийг, гурван том орд газартай нь хамт сохор зоос ч төлөхгүйгээр концесс нэрээр дээрэмдэн авсан юм. Гэвч үйлдвэрт эзэн суусан “Кью Эс Си”Хар металлургийн цогцолбор байгуулах амлалтаа таг мартсан. Үүнийг дагаад Монголын барилгын салбарыг арматураар хангах, Эрдэнэт үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлдэг болох, төмөр зам, автозам, цахилгаан шугам барих зэрэг дотоод эдийн засагт чухал ач холбогдолтой ажлууд ч гээгдэн үлдсэн байдаг.
Энэ үеэр барилга, орон сууцны гол тулгуур багана болох арматурын үйлдвэрлэл бүр мөсөн зогсож, барилга, орон сууцны үнэ тэнгэрт хадаж эхэлсэн юм. Гэвч 229.3 сая тоннын нөөцтэй Төмөртэйн, 21.3 сая тоннын нөөцтэй Төмөртолгойн, 12.6 сая тоннын нөөцтэй Хустайн гэсэн гурвын гурван ордыг үнэ төлбөргүй авсан “сахал” Эрдэнэбилэг энэ бүгдэд огт санаа зовсонгүй. Тус компанийн Хөгжлийн банкин дахь нийт өр өнөөдөр 191 тэрбумаар хэмжигдэж байгаа. Харин Гаалийн албан ёсны мэдээгээр 2014-2021 онд “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК, “Кью Эс Си” компани 2 их наяд төгрөгийн төмрийн хүдэр урагшаа зөөж борлуулсан ч тус компанийн улсад төлсөн татвар 5 тэрбум гаруй төгрөг.
Хөгжлийн банкны зээлээс 10 дахин их орлого олсон хэрнээ ажилчдынх нь гар дээр очдог дундаж цалин 600-700 мянган төгрөг байна. Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын дэмжлэгээр улс орны эдийн засгийн цусны эргэлтийг дэмжиж байдаг үйлдвэрт эзэн суусан “сахал” Эрдэнэбилэгт энэ улс орон, иргэд олон нийтийн эрх ашиг огт хамаа байсангүй.