Хар тамхинаас урьдчилан сэргийлэх “АНЗААР” аянд нэгдээрэй
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхан ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газартай хамтран “АНЗААР” сургалт, нөлөөлөл, мэдээллийн аяныг эхлүүллээ.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ жилээс жилд өсөж байгаа гэсэн тоон мэдээлэл бий. Харин 2020-2021 онуудад цар тахлын улмаас хил хаасантай холбоотойгоор энэ төрлийн гэмт хэргийн тоо буурсан гэнэ. Сүүлийн таван жилийн (2017-2021) хугацаанд улсын хэмжээнд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бодистой холбоотой 939 гэмт хэрэг гарч, 1173 сэжигтэн бүртгэгдсэн. Үүний 72 гэмт хэрэг буюу 7.7 хувь нь Сонгинохайрхан дүүрэгт гарч, 81 сэжигтэн холбогдсон байна. Мөн хугацаанд тус дүүрэгт оршин суух хаягтай 116 сэжигтнээр бүртгэлтэй гэх мэдээлэл бий.
Энэ тоо баримтууд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлага үүссэнийг харуулж буй. Тиймээс “Мэдээллээ сайжруулъя, Анхаарлаа хандуулъя” уриан дор “АНЗААР” сургалт, нөлөөлөл, мэдээллийн аяныг эхлүүлсэн аж. Аян нэг сарын хугацаанд буюу дөрөвдүгээр сарын 5-наас тавдугаар сарын 5 хүртэл үргэлжлэх юм.
Гэмт хэргийн гаралт, тоо баримтын ардаас хөөцөлдөх бус, түүнээс урьдчилан сэргийлж иргэд олон нийтэд зөв мэдээ, мэдээлэл хүргэх нь нэн чухал билээ. Энэ ажлыг үр дүнтэй болгоход дүүргийн шүүх, прокурор, цагдаагийн байгууллага, нутгийн захиргааны байгууллагууд, ерөнхий боловсролын болон их дээд сургуулиуд, эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төв зэрэг бүх шатны байгууллагын хамтын ажиллагаа чухал гэдгийг зохион байгуулагчид цохон дурдла