Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэх “АНЗААР” аяны нээлт боллоо
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, СХД дэх цагдаагийн газартай хамтран АНЗААР сургалт, нөлөөлөл, мэдээллийн аяныг өнөөдөр эхлүүллээ.
Аяны нээлтэд Сонгинохайрхан дүүргийн бүх шатны төрийн байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ жилээс жилд өсөж байгаа гэсэн тоон мэдээлэл бий. Харин 2020-2021 онуудад цар тахлын улмаас хил хаасантай холбоотойгоор энэ төрлийн гэмт хэргийн тоон мэдээлэл буурсан байна.
Сүүлийн 5 жилийн хугацаанд //2017-2021/ улсын хэмжээнд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бодистой холбоотой нийт 939 гэмт хэрэг, 1173 сэжигтэн бүртгэгдээд байна. Үүний 72 гэмт хэрэг буюу 7.7 хувь нь манай дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж, 81 сэжигтэн холбогдсон байна. Мөн хугацаанд тус дүүрэгт оршин суух хаягтай 116 сэжигтэн бүртгэгдсэн гэх мэдээлэл бий. Энэ тоо баримтууд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлага үүсээд байгааг харуулж байна.
Тиймээс Сонгинохайрхан дүүргийн ГХУСАЗСЗ-өөс ЦЕГ-ын ХТТГ, дүүргийн Цагдаагийн газартай хамтран “Мэдээллээ сайжруулъя, Анхаарлаа хандуулъя” уриан дор АНЗААР сургалт, нөлөөлөл, мэдээллийн аяныг эхлүүлж байгаа юм. Аян нэг сарын хугацаанд буюу 4-р сарын 5-наас 5-р сарын 5 хүртэл үргэлжлэх юм.
Гэмт хэргийн гаралт, тоо баримтын ардаас хөөцөлдөх бус түүнээс урьдчилан сэргийлж иргэд олон нийтэд зөв мэдээ, мэдээлэл хүргэх нь нэн чухал билээ. Энэ ажлыг үр дүнтэй зохион байгуулахад дүүргийн Шүүх, прокурор, цагдаагийн байгууллага, нутгийн захиргааны байгууллагууд, ерөнхий боловсролын болон их дээд сургуулиуд, эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төв зэрэг бүх шатны байгууллагын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Мөн мансууралгүй ирээдүйн төлөө иргэн бүрийг “АНЗААР” аянд нэгдэхийг хүсэж байна.