С.ОТГОНБАЯР: “Тавантолгой түлш” ХХК хөдөлмөрийн аюулгүй байдлын ЖУРАМ ЗӨРЧДӨГИЙГ ТОГТООСОН

2022 оны 4 сарын 06

Arslan.mn

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Отгонбаяртай тус дүүргийн нутаг дэвсгэр дэх гэмт хэргийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнгийн талаар ярилцлаа. 

 -Сонгинохайрхан хүн ам ихтэй, гэр хороолол олонтой, захын дүүрэг. Тэр хэрээрээ хэрэг зөрчил гарах нь их. 2021 онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл өгөхгүй юү?

 -Сонгинохайрхан дүүрэг 344 мянган хүн амтай, нийслэлийн хамгийн их хүн амтай дүүрэг. Хүн амаа дагаад гэмт хэрэг, зөрчлийн хэрэг маш их гардаг. Гэр хороололд танхайрах, гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн хэргүүд их гардаг. Гэмт хэргийн хувьд хулгай ихтэй. Мөн бусдын биед хөнгөн болон хүнд гэмтэл учруулах гэмт хэрэг түгээмэл гарч байна. Тус дүүргийн прокурорын газар өнгөрсөн жил эрүүгийн шинжтэй 9310 гомдол мэдээлэлд хяналт тавьж ажилласнаас 5700 хэрэгт хэрэг бүртгэлт, 1700 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан.

 -Гэмт хэргийн шийдвэрлэлтэд хэрхэн хяналт тавьж байна вэ?

-Өнгөрсөн онд хүний эрхийг хангах чиглэлээр хэргийг шуурхай шалгах, мөрдөн шалгах ажиллагааны явцад тавих прокурорын хяналтыг сайжруулахад анхаарч ажилласан. Үр дүнд нь мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нийт хэргийн 83 хувийг эцэслэн шийдвэрлэсэн. Өнгөрсөн жил хүн амины ноцтой хэрэг, бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргүүдийг богино хугацаанд шийдвэрлэхэд анхаарч ажиллалаа. Цагдаагийн алба хаагч эрүүдэн шүүсэн гэх хоёр хэрэг, 70 гаруй үйлдэлтэй бүлэг хулгайн хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн.

 -Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлууд хийсэн бэ?

-Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь прокурорын байгууллагын үндсэн чиг үүрэгт хамаардаг. Сонгинохайрхан прокурорын газраас дүүргийн 13 хорооны гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг шалгаж, хяналт тавьсан. Хамгийн их гэмт хэрэг, зөрчил гарч байгаа хороодод дүүргийн Иргэдийн хурал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хийхээр төлөвлөж байна. 2022 оны нэгдүгээр улиралд “Таван толгой түлш” ХХК дээр шалгалт хийж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхээр хийж байгаа ажилтай нь Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газартай хамтарсан шалгалт хийж, танилцсан. Тус компанид 500 гаруй хүн ажилладаг гэсэн ч урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил бага, хууль сурталчлах ажил хангалтгүй хийгддэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчих зөрчил гарч байна. Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт, прокурорын байгууллагын хяналт шалгалтын дүнг үндэслэн тус компанид прокурорын хугацаатай мэдэгдэл бичиж, гарсан зөрчлийг арилгах арга хэмжээ авч ажиллана. Мөн 2021 онд хийхээр төлөвлөсөн 106 ажлаа хийсэн. Энэ онд прокурорын хяналт бүрийн чиглэлээр харъяа дүүргийн нутаг дэвсгэрт дээр шалгалтын ажил хийж байна.

-Танай хариуцсан дүүрэгт хорихоос өөр төрлийн ял авсан хэчнээн иргэн байдаг вэ?

-Торгох, эрх хасах, зорчих эрхийг хязгаарлах, тэнсэх албадлагын арга хэмжээ ногдуулсан 1500 иргэнд хяналт тавьж байна. Өнгөрсөн жил “Өршөөл үзүүлэх тухай хууль” гарсантай холбогдуулан ял солиулах, ялаас оргон зайлах асуудлууд гарч байна. 2021 онд дүүргийн прокурорын газраас 600 гаруй прокурорын дүгнэлт бичсэний 400 гаруй нь Өршөөл үзүүлэх тухай хуультай холбогдуулж гарсан байсан. Мөн прокурорууд нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн иргэдийн ялын биелэлтэй газар дээр нь очиж танилцах ажиллагааг тогтмол хийдэг. Ялангуяа хяналтад байгаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх, архидан согтуурах зуршилтай иргэдийн албадлагын арга хэмжээ хэрхэн хэрэгжиж байгааг улирал тутамд тестээр шалгаж, дахин мансуурсан тохиолдол илэрвэл ял солиулах арга хэмжээ авах буюу таслан сэргийлэх арга хэмжээг нь хорих ялаар сольдог.

-Дүүргийн прокурорууд хэр их ажлын ачаалалтай ажилладаг вэ?

 -Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт 40 орчим прокурор ажиллаж байна. Харьяа нутаг дэвсгэр, хүн амаа дагаад гэмт хэрэг, зөрчлийн хэрэг ихтэй. Тэр хэрээр прокурорын ажлын ачаалал их, нэг прокурор дунджаар 100-120 хэрэг бүртгэлтийн хэрэг, 20 орчим мөрдөн байцаалтын хэргийг тогтмол хянадаг. Зөрчлийн хэрэг их гардаг. Тиймээс долоо хоногийн гурван өдөр прокурорууд зөрчлийн хэргийн шүүх хуралдаанд оролцож байна. “Ковид-19”цар тахлын үеэр Зөрчлийн хэргийн шүүх хурал цахимаар болж байсан нь цаг хугацаа хэмнэсэн давуу талтай байсан.

 -2022 онд ямар зорилт дэвшүүлэв?

-Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2022 онд нэгдүгээрт, Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн дээр ярьсан гол асуудал болох Хүний эрх чөлөөг хангах чиглэлээр тодорхой ажил хийхээр төлөвлөсөн. Прокурорын хяналтын ажлын чиглэл бүрээр хүний эрхийг хангах, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч ажиллана. Хоёрдугаарт, прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах, мэдээллийг ил тод нээлттэй байдлаар хүргэхэд анхаарна. Гуравдугаарт, өнгөрсөн жил дүүргийн прокурорын газраас Удирдлагын академи, Батлан хамгаалахын сургууль, Үндэсний статистикийн газар хамтран дүүргийнхээ прокурор, ажилтны ажлын ачааллыг судалсан. Судалгаагаар прокурор, ажилтнууд хэт их ажлын ачаалалтай гэж гарсан. Тиймээс энэ онд прокуроруудын ажлын ачааллыг бууруулахад чиглэсэн тодорхой ажил хийнэ.

Эх сурвалж: UNUUDUR.MN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635812
1 эможи

keyboard_arrow_up