ШУУРХАЙ: Ерөнхий прокурор Хөгжлийн банкны хэргээр 5-6 гишүүнийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлэхээр болжээ
Тэр жил, одоогоос гурван жил хагасын өмнө ЖДҮ-гийн хэрэг гэх дуулиан дэгдсэн. УИХ-ын гишүүдийн талаас илүү нь холбогдчихож билээ. Энэ хэрэг дээр прокурор, АТГ, ЭЦА-ны хамтарсан томоохон ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Хэргийн мөрдөн байцаалтын явцад мөрдөгчдийн саналаар тэр үеийн Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын нэлээд хэдэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-д оруулсан. Харин УИХ хэд хоног, өдөржин шөнөжин хэлэлцээд хэнийгээ ч түдгэлзүүлж явуулаагүй. Авч үлдсэн. Тэгээд 2020 оны сонгуульд ялагдсан, эсвэл огт нэр дэвшиж чадаагүй хэдэн хүн л шүүхээр орж ял шийтгүүлж байв. Бусад нь ял зэм байтугай АТГ-ын хаалгаар ч оролгүй сугарч үлдсэн. Улмаар УИХ-д нэр дэвшсэн. Нэлээд нь дахин сонгогдсон. Өөрөөр хэлбэл, энэ УИХ-д ЖДҮ-гийн асуудлаар ёс суртахууны хариуцлага хүлээх ёстой цөөнгүй гишүүн сууж байгаа юм.
Тэгвэл өнөөдөр ил болоод байгаа Хөгжлийн банкны гэх хэргийн “арга барил” мөнөөх ЖДҮ-гийн хэрэгтэй төстэй. Эрх мэдэл, албан тушаалын нөлөөгөөр Хөгжлийн банкны мөнгийг “кампаанчлаад” авцгаачихсан бололтой юм.
Хөгжлийн банкны хэргийг бас л ЖДҮ-гийн хэрэг шиг АТГ-аас гэхэд л 10 мөрдөгч, ЭЦА-ны тэр тооны мөрдөгч нийлсэн ажлын хэсэг мөрдөн шалгаж байна. Мөн уг хэрэгт холбоотой найдваргүй зээлдэгч компанийн захирал, ажилтнууд, Хөгжлийн банкны албан тушаалтнуудыг бараг бүгдийг нь цагдан хориод байгаа юм.
Дашрамд дурдахад, шүүхээс Хөгжлийн банкны хэргийн холбогдогчдыг цагдан хорих хугацааг сунгасаар байгаа юм байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэхэд л Хөгжлийн банкны томоохон найдваргүй зээлдэгчдийн нэг “Бэрэн”-гийн Б.Мөнхтөрийг 2022 оны гуравдугаар сарын 14-нд сулласан ч Ерөнхий шүүгч нь хоёр хоногийн дараа буюу 16-нд нь захирамж гаргаж үргэлжлүүлэн цагдан хорьжээ.
Ер нь бол мөрдөгч, прокурорын саналаар хэргийн холбогдогчдыг цагдан хорьж шалгаж буй нь хэргийн мөрдөх ажиллагаанд нэмрээ өгч буй бололтой юм. Учир нь захирлууд ам нээж, цаад эздээ нэрлээд эхэлжээ. Цаад эзэд гэдэг нь голдуу УИХ-ын гишүүд, улс төрд нөлөө бүхий эрхмүүдийн нэрс гарч ирж байна.
Одоогоор УИХ-ын 5-6 гишүүний хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлогдсон байна.
Тиймээс Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ойрын үед УИХ-д оруулахаар бэлдэж байгаа юм байна. Эх сурвалжийн мэдээллээр, Улсын ерөнхий прокурор эхлээд нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хүргүүлэхээр болсон байна. Тэдгээр гишүүний дунд Ерөнхий сайд асан, Байнгын хорооны дарга зэрэг албан тушаал хашиж буй болон хашиж байсан эрхмүүд багтжээ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин