МЭДЭГДЭЛ: Цагаан будаа тариалалтаа өргөжүүлэхээр ажиллаж байна
“GIMEX” ХХК-ийн хамт олон 2011 оноос эхлэн эх орондоо тутарга нутагшуулан тариалах, улмаар цагаан будааны үйлдвэрлэл эрхлэхээр хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүдтэй хамтран олон удаагийн туршилт, судалгаа явуулсны үр дүнд 2021 онд эх орондоо ургуулж, чамлахааргүй ургац авч чадсан. Харамсалтай нь олон жилийн хөдөлмөр, хамт олны минь амжилтыг үгүйсгэсэн, үнэгүйдүүлсэн мэдээллийг цахим орчинд санаатайгаар түгээжээ.
Монголчууд хүнсний хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр хангаж чадвал хүнсний аюулгүй байдлаа сахин хамгаалж, гадаад зах зээлийн хараат байдлаас ангижирна гэдэгтэй санал зөрөх хүн гарахгүй байх. Үүн дээр нэмээд Монголынхоо хөрсөнд цагаан будаа ургуулж, гадагшаа урсдаг асар их валютыг авч үлдэхийг манай компани эрхэм зорилгоо болгон ажилладаг. Баянхонгор аймгийн Баянлиг сумаас 10 тонн цагаан будаа хураан авсан хөдөлмөрийг худал хуурмаг байсан мэтээр гүтгэж гүжирдсэнийг “GIMEX” ХХК эрс няцааж байна.
Манай компани 2014-2015 онд БНАЛАУ-д газар түрээслэн тутарга тариалж ХӨСӨГ нэрийн Жасмин будаа зах зээлд гаргасны зэрэгцээ тариалалтын туршлага хуримтлуулан ажилласнаар эх орондоо тариалах ажлын эхлэлийг тавьсан. Үүний зэрэгцээ мэргэжилтнүүдээ өмнөд хөрш БНХАУ-ын тутарганы талбайд сургах, туршлага судлуулах зэргээр үе шаттайгаар бэлтгэж ирлээ. Энэ бүхний үндсэн дээр туршилт амжилттай болж, анхны ургацаа хураан авсан юм. Олон жилийн энэ хичээл зүтгэлд худал хуурмаг зүйл огтхон ч байхгүйг үүгээр мэдэгдэж байна.
Монголдоо тутарга нутагшуулан тариалснаар:
- Хүнсний аюулгүй байдал батжиж, эрүүл, чанартай, баталгаатай, гарал үүсэл нь тодорхой, тогтвортой үнэ бүхий цагаан будаагаар хэрэглэгчдийг хангах,
- Цагаан будааны импортод гадагшаа урсдаг 40 гаруй сая ам.доллар дотоодын зах зээлд үлдээх, экспортоос орлого олох.
- Газар тариалангийн салбарт тутарганы гэх шинэ салбар үүсэн хөгжиж, ойролцоогоор 4000-5000 ажлын байр шинээр бий болох,
- Цагаан будааны үйлдвэрүүд хөгжих, үүнийгээ дагаад олон хүнсний бүтээгдэхүүн бий болох, мөн гахай, шувуу зэрэг туслах аж ахуй хөгжихөд тэжээлийн гол найрлага болох,
- Дотоодын хэрэгцээг хангахын тулд 20.000 га талбайд тариалах, энэ талбай нь усан сан бүхий талбай болох, уг талбайг услахын тулд хиймэл нуур цөөрөм олноор байгуулах, гадаргын ус болон бороо, цас, үерийн ус хуримтлуулах, салхины хаалт хийж ойн зурвас мод тариалах зэрэг нь цөлжилтийг бууруулах, хөрсийг сэргээх гэх мэт байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх,
- -Дулаан хангамж шаардагддаг ашиг өндөртэй олон ургамал, (вандуй, шар буурцаг, эрдэнэшиш, наранцэцэг) жимс, жимсгэнийн аж ахуй энэ орчинд хөгжих зэрэг харилцан хамааралтай олон шинэ бизнес хөгжих үүд нээгдэх юм.
“GIMEX” ХХК хуримтлуулсан туршлага, гаргасан амжилт дээрээ үндэслэж эх орныхоо хөрсөнд тутарга тариалах ажлаа өргөжүүлж, Баянхонгороос гадна өөр аймгуудад ч шинээр тариалалт эхлүүлэхээр ажиллаж байгаагаа Монгол түмэндээ сонордуулъя. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал хэмээх сургаал бий. Эх оронч үйлдвэрлэлийг нухчин дарах, мохоох зорилго агуулсан, үнэнээс хэтэрхий гажуудсан, илтэд нэг талыг барьсан, хэн ч үнэмшмээргүй баталгаагүй мэдээлэлд шүүлтүүртэй, сэрэмжтэй хандахыг уриалж байна.