Ц.Отгонням: Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 60 орчим хувь нь цахим орчинд үйлдэгдсэн
Цагдаагийн байгууллагад 2021 онд 25429 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 2365 хэрэг буюу 10,3 хувиар буурсан. Харин залилах гэмт хэргийн тухайд 6558 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 53,6 хувиар өссөн буюу нийт гэмт хэргийн 25,3 хувийг эзэлж байна. Залилах гэмт хэргийн нөхцөл байдал болоод уг гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд иргэд юуг анхаарах ёстой мөн цагдаагийн байгууллагаас залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил, арга хэмжээ зохион байгуулж, хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээ, мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Отгонням:
2021 онд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 6672 буюу 24.5 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна. 6000 гаруй залилах гэмт хэргээс 1000 орчим нь цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас иргэд цахим орчинд цагийг өнгөрүүлэх хугацаа нэмэгдсэн. Мөн аж ахуйн нэгж байгууллага цахимаар буюу интернет орчинд ажил үйлчилгээгээ явуулж байгаатай холбоотойгоор нэмэгдсэн. Статистикийн мэдээллээс авч үзвэл залилах гэмт хэрэгт өртөж байгаа хохирогчдын дийлэнх нь 20-50 насны иргэд 50 хувийг эзэлж байгаа юм. Мөн энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаа этгээдүүдийн 49 хувь нь эмэгтэй, 51 хувь нь эрэгтэй байна.
2021 онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 60 орчим хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Иргэдийн цахим орчны хэрэглээ өдрөөс өдөрт өсөж байгаа учир гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд энэхүү орон зайг ашиглан бусдыг хохироосоор байгаа юм.
Санхүүгийн залилан, луйврын шинжтэй гэмт хэргийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлын хэмжээ
- 2016 онд хоёр орчим тэрбум төгрөгт хүрч байсан бол
- 2017 онд 6.4 тэрбум,
- 2018 онд 9.9 тэрбум,
- 2019 он гарсаар 13 тэрбум төгрөг давж, жил ирэх тусам өссөөр байна.
Залилах гэмт хэргийн 87.1 хувь нь санаатай хэлбэрээр, бусдыг төөрөгдөлд оруулж, урьд олж авсан итгэлийг урвуулан ашиглах, хуурч мэхлэн бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлэн авах, биелэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэх, байхгүй зүйлийг байгаа мэтээр төөрөгдүүлж санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байдаг.
Залилах гэмт хэргийг судалж үзэхэд 2015, 2016 онд ихэвчлэн визний залилан бүртгэгддэг байна. Гадаад улсад ажилд зуучилж өгнө, сургалтад хамруулж өгнө гэх мэт. 2017 онд шинэ Эрүүгийн хууль хэрэгжсэнтэй холбоотой шинэ төрлийн гэмт хэргүүд бүртгэгдэж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд бол цахим орчинд үйлдэгдсэн залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна. Жишээлбэл: Гадаад улс руу мөнгө шилжүүлэх, бараа материал цахим дэлгүүрээс захиалах, интернет банкаар бусад руу мөнгө шилжүүлэх гэх мэтээр иргэдийг залилж байна. 2017 онд шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлгийн 17.3-т зүйлчилж өгсөн байдаг. 6 сараас эхлэн 12 жил хүртэл хорих ялаар шийтгэх санкцтай байдаг.
Зарим гэмт хэрэгт хохирлын хэмжээ шаардаж Эрүүгийн хэрэг үүсгэдэг бол Залилах төрлийн гэмт хэрэг ямар нэгэн байдлаар хохирлын хэмжээ шаарддаггүйгээрээ онцлогтой. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах үйлдэл нь ямар нэгэн хохирлын хэмжээ шаарддаггүй, бусдын өмчлөлд байгаа зүйлийг л хууль бус аргаар хуурч мэхлээд авчихсан бол энэ төрлийн гэмт хэрэг болж бүртгэгддэг.
Хохирогч: Миний хувьд цахим орчин ихээр ашигладаг. Ер нь гэртээ хүүхдээ харж байгаа ээжүүд цахимаар л худалдан авалт хийдэг. Гэрээс гарах боломжгүй учраас онлайн дэлгүүрээс л захиалж авдаг юм. Гэтэл бараа захиалаад ингээд залилуулчихна гэж огт бодоогүй. Өөрөө хохирчихсон байж байна .Үнэхээр гомдолтой байна.
Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой нарийн судалгаа, шинжилгээний үндсэн дээр нөлөөллийн аян, арга хэмжээг шат дараатайгаар зохион байгуулдаг.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, иргэдэд хувийн мэдээлэл алдагдвал үүсэх эрсдэл, учрах хохирлыг таниулах, цахим орчинд мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, залилах болон цахим гэмт хэрэгт өртөж болзошгүй иргэдэд анхааруулах зорилгоор 2019 онд “Ятгах тусам нягтал”, 2020 онд “Нягтлах тусам аюулгүй”, “Ятгах тусам нягтал-2” аяныг Цагдаагийн Ерөнхий газар, Монголбанк, банкууд хамтран зохион байгуулсан бол үүний үргэлжлэл болгон “Ятгах тусам нягтал-2021” аяныг дээрх байгууллагуудын оролцоотойгоор 2021 онд амжилттай зохион байгуулсан.
Эх сурвалж: ЦЕГ
|