Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан БНХАУ-ын ерөнхий прокурор Жан Жуньтай ЦАХИМ УУЛЗАЛТ хийлээ

2022 оны 3 сарын 28

Arslan.mn

Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан БНХАУ-ын Ардын дээд прокурорын газрын ерөнхий прокурор Жан Жуньтай 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр цахим уулзалт хийлээ.

Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан уулзалтын эхэнд тус улсад зорчигч тээврийн онгоц осолдож, олон хүний эрдэнэт амь эрсэдсэн эмгэнэлт явдал тохиолдсонд гүн эмгэнэл илэрхийлж, хоёр улсын прокурорын байгууллага хоорондын хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байгаатай зэрэгцэн тус уулзалтыг хийж байгааг онцоллоо. Мөн прокурорын байгууллага хоорондын олон чиглэлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, иж бүрэн түншлэлийн харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд таатай байгаагаа илэрхийллээ.

БНХАУ-ын Ардын дээд прокурорын газрын ерөнхий прокурор Жан Жунь “Хятад, Монгол хоёр улсын найрсаг харилцаа хөгжихийн зэрэгцээ, талуудын прокурорын байгууллагын хамтын ажиллагаа илт бэхжиж байна. Удаа дараа олон гэрээ, хэлэлцээр байгуулж, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх чиглэлээр үр дүнтэй хамтын ажиллагаагаа хөгжүүлсэн. Энэ удаагийн цахим уулзалт нь хоёр улсын прокурорын байгууллагын иж бүрэн харилцаанд илүү хувь нэмэр оруулж, харилцан ойлголцол, нөхөрлөлийг сайжруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

Уулзалтын үеэр хоёр улсын ерөнхий прокурорууд өөрсдийн улсад сүүлийн жилүүдэд хэрэгжиж байгаа шинэ эрх зүйн зохицуулалтуудын талаар танилцууллаа. Тухайлбал, Монголын талаас прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах талаар, Хятадын талаас “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хөнгөн ял оногдуулах”, “нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажлын хэрэгжилт, үр дүнгийн талаар тус тус танилцуулж, харилцан мэдээлэл солилцлоо.

Цаашид талууд энэхүү уулзалтын үеэр яригдсан тодорхой асуудлуудын хүрээнд цахимаар болон танхимаар ажил хэргийн уулзалт зохион байгуулж, туршлага судлах, хил орчмын прокурорын газруудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх хамтарсан сургалт зохион байгуулах зэргээр хамтран ажиллахаар харилцан тохиролцлоо.

Мөн эрүүгийн хэрэгт харилцан илгээж буй эрх зүйн туслалцааны хүсэлтүүдийг шуурхай, үр дүнтэй гүйцэтгэхэд хоёр талаас анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтын төгсөлд Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан БНХАУ-ын ерөнхий прокурор Жан Жуныг манай улсад хүрэлцэн ирэхийг урьсныг талархан хүлээн авч,  цар тахлын нөхцөл байдал намжсаны дараа Монгол Улсад ирэхээ илэрхийллээ.

Тус уулзалтад хоёр улсын прокурорын байгууллагын холбогдох албан тушаалтнууд болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Т.Бадрал, БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Жан Мү Шин, БНХАУ-ын ӨМӨЗО-ны ерөнхий прокурор Ли Чи Лин нар оролцсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
635634
3 эможи

Б.Жаргалсайхан
УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up