ЦЕГ: Долоо хоногийн ОНЦЛОХ ТОЙМ
Энэ долоо хоногт цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас зохион байгуулсан иргэд, олон нийтэд чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГЫН 2022 ОНЫ “ШИРЭЭНИЙ ТЕННИС”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэх ажил, арга хэмжээний хүрээнд нийтийн биеийн тамир, спортыг сурталчлах, цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын алба хаагчдын бие бялдрын бэлтгэлийг хангуулах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээнийг энэ оны 03 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү тэмцээнийг Мөрдөн байцаах алба, “Хүч” спорт хороо, “Монголын ширээний теннисний холбоо” хамтран зохион байгуулсан юм.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН “СҮЛД” ЧУУЛГЫН ҮЛЭЭВЭР НАЙРАЛ ХӨГЖИМ ДЭЛХИЙН ЦАГДААГИЙН ХӨГЖМИЙН ХОЛБООНЫ АЛБАН ЁСНЫ ГИШҮҮН БОЛЛОО
Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын үлээвэр найрал хөгжмийн хамт олон 2022 онд The World Police Band Concert Аssociation” (WPBC) Дэлхийн цагдаагийн хөгжмийн холбооны гишүүн байх шалгуур, шаардлагад тэнцэн гишүүнээр элслээ. Тус холбооны нарийн бичгийн дарга Япон улсын иргэн Хироцугу Хориноучигаас “Сүлд” чуулгын үлээвэр найрал хөгжмийн талаархи танилцуулга хуудсыг нээсэн тухай албан ёсоор мэдэгдэл ирүүлсэн юм.
Ингэснээр тус чуулга нь дэлхийн хөгжмийн урлагийн хөгжилтэй хөл нийлүүлэн нэг түвшинд ажиллаж өөрийн орны урлаг, соёлыг дэлхий дахинд бодитоор сурталчлах зорилгодоо хүрэх боломжтой боллоо.
АНГЛИ ХЭЛНИЙ БЭЛТГЭЛ, ДУНД ШАТНЫ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД ХАМРАГДСАН АЛБА ХААГЧДАД “СЕРТИФИКАТ” ГАРДУУЛЛАА
Дотоодын цэргийн штабаас англи хэлний бэлтгэл, дунд шатны эрчимжүүлсэн сургалтад анги, байгууллагын 19 алба хаагчийг Дотоодын цэргийн штабын даргын тушаалаар энэ оны 02 дугаар сарын 14-нөөс 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд хамруулж, “Сертификат” гардуулах арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис, Штабын орлогч, харуул хамгаалалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Чинзориг, Сургалт, цэргийн албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа М.Батзориг болон сургалтад хамрагдсан алба хаагчид оролцсон юм.
“ЭРЭЛЧ НОХОЙ-2” ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Экологийн цагдаагийн алба “Дэлхийн жишгээр ажиллах иргэдтэй түншлэх” нь төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газар болон Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвтэй хамтран зэрлэг ан амьтныг хууль бусаар агнах, худалдахтай тэмцэх зорилгоор хот орчмын улсын тусгай хамгаалалттай газруудын пост дээр эргүүл шалгалтын ажлыг зохион байгуулж байна.
АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМТАЙ ХАМТРАН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчдад "Баримт бичгийн нууцлал, хуурамч бичиг баримтыг таних нь", "Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг таних нь", "Интернэт орчин дахь нээлттэй эх сурвалжаас ач холбогдол бүхий мэдээллийг хайх арга зүй" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Алба хаагчид энэхүү сургалтад хамрагдснаар хуурамч бичиг баримтыг хэрхэн таних, нээлттэй эх сурвалжаас ач холбогдол бүхий мэдээ, мэдээллийг авах ур чадвар нэмэгдэх төдийгүй оролцоонд суурилсан ярилцлагын хэлбэрээр зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.