Нэг шөнийн дотор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 375 ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЛЭЭ
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос шалтгаалж, зам тээврийн ослын улмаас 2021 онд 106 хүний амь хохирч, 205 гэмтсэн байна.
Мөн цагдаагийн алба хаагчид гудамж замын хяналт шалгалтаар 39.428 зөрчлийг илрүүлсэн.
Энэ оны 1 дүгээр улирлын байдлаар согтуу жолоочийн гаргасан ослын улмаас жолооч 5, зорчигч 4, явган зорчигч 1, бага насны 3 хүүхэд, нийт 13 хүний амь хохирч, 55 хүн гэмтсэн харамсалтай тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдээд байна.
Тээврийн цагдаагийн албанаас иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Зөвийг хэвшүүлье” уриатайгаар “Уусан болд бүү жолоод” нэгдсэн хяналт шалгалтыг 2022 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнийн хугацаанд Улсын хэмжээнд зохион байгуулж ажиллаа.
Хяналт шалгалтад Нийслэл болон орон нутгийн хэмжээнд 400 гаруй хяналтын цэгт тус албаны харьяа газар хэлтэс, Төмөр зам дах цагдаагийн газар, Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтэс, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын 800 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэсэн.
Хяналт шалгалтын хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нийт 375 үүнээс нийслэлд 222, орон нутагт 153 илрүүлж, болзошгүй осол, зөрчлөөс урьдчилан сэргийллээ.
Мөн зөрчил бүхий 246 тээврийн хэрэгслийг түр саатууллаа.
Шалгалтын хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамт архидан согтуурсан, бага насны хүүхдээ тээвэрлэсэн, найз нөхөд, дотны хүмүүс нь шаардлага тавиагүй, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцсэн, шалгуулахаас зайлс хийсэн зүй бус үйлдэл гаргасан асуудал зонхилж байлаа хэмээн ТЦА-наас мэдээлэв.
УУСАН БОЛ БҮҮ ЖОЛООД ЗӨВИЙГ ХЭВШҮҮЛЬЕ.