Ч.Номин: Уран бүтээлчид нэг дор цуглан бүтээлээ туурвих төв байгуулна
"Монголын эдийн засгийн форум 2022-Шинэ сэргэлт"-ийн хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёлын яамнаас зохион байгуулж буй "Аж үйлдвэржилтийн сэргэлт" урьдчилсан хэлэлцүүлэг болж байна.
Соёлын сайд Ч.Номин “Соёлын бүтээлч үйлдвэрлэл”сэдвээр илтгэл тавьж байна. Тэрээр
-Бид суурь судалгаа хийсэн. Уран зохиол, хувцас загвар, архитектур, дизайн гэх мэт олон салбар соёлын бүтээлч үйлдвэрлэлд багтдаг. "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн баримт бичигт манай улсын хамгийн их анхаарах зургаан чиглэлд соёлын бүтээлч үйлдвэрлэл багтсан.
Дэлхийн зах зээлийн багтаамж нь 2 их наяд ам.доллар байна. 30 сая хүн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байна. Соёлын бүтээлч үйлдвэрлэл нь нийгмийн төдийгүй эдийн засгийн өндөр ач холбогдолтой.
БШУЯ-тай хамтран хүүхдүүдэд бүтээлч чанарыг суулгах хөтөлбөрийг хичээлээр дамжуулан олгоно. Соёлыг хэрэглэж чаддаг, соёлыг хэрэглэж дадсан хэрэглэгчидтэй болох нь бидний зорилго юм.
Хувь уран бүтээлчдийн хааб буюу кластер бий болгоно. Богино, дунд хугацааны болон урт хугацааны кластер бий болгоно. Уран бүтээлчид нэг дор цуглан, уран бүтээлээ хамтран хийснээр зардлаа хэмнэнэ. Тоног төхөөрөмжөө түрээслэх замаар өртгөө бууруулах боломжтой. Санхүү, хөрөнгө оруулалтын орчин их чухал. Өнөөдрийг хүртэл соёлын салбар улсын төсвийн татаасаар амьдарч байна. Дэмжлэг үзүүлэх схемээ бид гаргасан. Жишээ нь ном товхимлын салбарт хөрөнгө оруулалт шаардлагатай. Номоо хэвлэсний дараах борлуулалтын орлогоороо санхүүжилтээ нөхөж болно.
Манай улсад нийт 470 мянган соёлын өв бий. Эдгээрийг бүгдийг бүртгэлжүүлнэ. Дотоод, гадаадад соёл урлагийг таниулсан, сурталчилгааг нэг өнгө төрхтэйгээр хийнэ. Хамгийн сүүлд бид "Мөнгөн мод" ёслолыг өчигдөр зохион байгуулав.
- Агуулга үйлдвэрлэлийн дэд систем,
- Түгээлтийн дэд системүүд байгуулна.
Соёлын салбар улсаас татаас авдаг биш орлого оруулдаг болох ёстой.