Цэцийн дарга Н.ЧИНБАТ тэтгэвэрт гарахгүйн тулд ерөнхий шүүгчээр “ТУГ ТАХИХ УУ”
Цэцийн дарга Н.Чинбат Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг “хорхойтой араандаа” зуучихаад байгаа талаар учир мэдэх хүмүүс ярьж байна. Цэцийн есөн гишүүнийг гурвыг Дээд шүүхээс санал болгодог. Өнгөрсөн онд Дээд шүүхээс санал болгосон хоёр ч гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаж, Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар нар тэдний оронд очсон. Оны өмнөхөн буюу 12 дугаар сард дахиад Дээд шүүхээс “Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх хүмүүс материалаа ирүүлнэ үү” гэсэн зар тавьсан нь Цэцийн даргын уур унтууг хөдөлгөсөн гэнэ. Учир нь ийнхүү зарлагдсан Цэцийн гишүүний орон тоо нь Н.Чинбат даргын өөрийнх нь суудлыг хөнджээ. Н.Чинбат 2017 онд Дээд шүүхээс нэр дэвшин Цэцийн гишүүн болсон бөгөөд 2021 оны 11 дүгээр сард төрийн алба хаах насны дээд хязгаар 65 хүрчээ. Тийм ч учраас Дээд шүүх түүнийг “орлох” гишүүний орон тоог зарласан байна. Энгийн иргэд бүгд 60 нас хүрээд л гавьяаны амралтаа авдаг бол дээр нь зөвхөн хөх тэнгэр л байдаг Цэцийн дарга 60 байтугай, төрийн алба хаах насны дээд хязгаар 65 хүрээд ч тэтгэвэрт гарахгүй гэж чардайж байна. Нэгэн иргэн Цэцэд хандан Дээд шүүх Цэцийн гишүүний орон тоог ийнхүү зарласан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж мэдээлэл гаргасан байна. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Г.Туулхүү уг иргэний мэдээллийн дагуу Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн учир Дээд шүүхээс Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа түдгэлзжээ. Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн даргынх нь орон тоог зарласнаараа Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянахаар “маргаан үүсгэсэн” Г.Туулхүү нь Цэцийн дарга Н.Чинбатын хамгийн ойрын хүний нэг гэдгийг олон хүн мэднэ. Тийм ч учраас эрх ашгийг нь хөндөөд байгаа асуудлаа шийдүүлэхээр өөрийн хүнээ сонгож маргааныг хуваарилсан бололтой. Хуулийг чанд биелүүлэх учиртай Цэцийн дарга өөрөө бусад иргэнээс илүү эрх эдлэн албан тушаалтайгаа зууралдах нь дэндүү ичгүүртэй явдал биш гэж үү. Сонирхолтой нь Цэцийн гишүүн 65 нас хүрвэл тэтгэвэрт гарах эсэх асуудлаар зургаан жилийн өмнө буюу 2016 онд иргэний мэдээллээр Цэцэд маргаан үүсэж байжээ. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “Цэцийн гишүүн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу Цэцийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөж болно.” гэсэн заалтыг тухайн үед Цэц Үндсэн хууль зөрчөөгүй гэж шийдвэрлэсэн байдаг. Үндсэн хуулийг манах үүрэг бүхий Цэц ямар нэг асуудлаар өмнө нь шийдвэр гаргасан бол дахин ийм маргааныг хүлээж авдаггүй, хоёр өөр шийдвэр гаргадаггүй байх учиртай байгууллага. Гэтэл яагаад Цэцийн даргын “суудал” хөндөгдмөгц хэн нэгэн иргэн мэдээлэл гаргаж, Цэцийн дарга өөрийн гараар хамгийн сайн харилцаатай гэж олны дунд яригддаг гишүүндээ хуваарилж, нэг засаглалын тэргүүн болсон Ерөнхий шүүгчийг оролдож эхэлснийг энгийн логикоор “тэтгэвэрт гарахгүй байхын төлөөх” тэмцэл гэж нэрлэмээр юм уу. Дээдлэх ёстой Үндсэн хуулийн гол зарчмын нэг тэгш байдал Цэцийн дарга Н.Чинбат гэх насаараа төрийн дээд албан тушаалуудыг “зайдалж ирсэн” ахмадад хамаагүй юу. Эсвэл байнга улс төрчидтэй холбон яригддаг Цэц ямар нэгэн даалгавар биелүүлэх шаардлагатай учир суудлаасаа үхэн хатан зууралдаж байна уу. Ямар ч байсан Цэцийн 65 нас хүрсэн даргыг чөлөөлөх асуудал ийнхүү түдгэлзсэн байдалд оржээ. Хөшигний цаадах үйл явдал ингээд дуусахгүй. Н.Чинбат яг өөрийнхөө асуудлаар “хүч түрэн” шийдвэр гаргахаас ичсэн үү яасан, Дээд шүүхийн Ерөнхий шүүгчтэй холбоотой дахин нэг маргаан үүсгэсэн сураг байна. “Чи миний суудлыг хөндөв үү, тэгвэл би чамайг” гэсэн занаа Цэц хэмээх том байгууллагын тэргүүнд байгаа нь арай л жигшмээр. Тэр нь мөн л өмнө олон жилийн турш Цэцээр явж байсан асуудал гэнэ. Бүр 2007 оноос хойш үүнтэй холбоотой арваад гомдол Цэцэд очиж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс удаа дараа татгалзаж байжээ. Нэг талын гомдлоор Цэцийн бага суудлын хуралдаан хуралдаж, Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид энэ асуудлаар маргаан үүсгэх үндэслэлгүй гэсэн шийдвэр ч гарч байсан байна. Энэ нь Дээд шүүхийн тогтоолд талууд Ерөнхий шүүгчид гомдол гаргахад Ерөнхий шүүгч нь хянаад, ажлын албаараа дамжуулж хариу өгдөгтэй холбоотой асуудал юм. Цэцэд удаа дараа очсон энэ асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг ч удаа үүсгэж байгаагүй Цэц тогтсон практикаа эвдэж, гэнэт Ерөнхий шүүгчээр “туг тахих”-аар шийдсэн нь мөнөөх л Чинбаттай холбоотой. Ингэж хардах үндэс нь Цэцэд ирсэн иргэний мэдээллийг гишүүдэд хуваарилах үүргийг Чинбат дарга гүйцэтгэдэг бөгөөд энэ мэдээлэл бас л Г.Туулхүү гишүүнд очиж, тэр нь хууль дээгүүр даван гишгэлж, маргаан үүсгэсэн тогтоол гаргаад, энэ асуудлаа 3 дугаар сарын 28-нд Цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. Төрийн институцүүдээс огтхон ч шинэчлэгдээгүй, бүр хууль нь хүртэл өөрчлөгддөггүй байгууллага бол Үндсэн хуулийн цэц. Цэцийн үйл ажиллагаа нь олон нийтэд төдийлөн ил биш, өргөдөл гомдол хуваарилах, бага суудал, их суудлын хуралдаандаа орох гишүүд ямар журмаар сонгогдож томилогддог нь нууц, гишүүний тогтоолд иргэн гомдол гаргахад Бага суудлын хуралдаан нь хаалттай явагддаг, дургүйгээ хүрэхээр өгсөн өргөдөл гомдол, зарим маргааныг хэдэн жилээр ч шийдэхгүй дарна, дур нь хөдөлвөл ямарч асуудлыг Үндсэн хуулийн маргаан болгож чаддаг, дур зорго ноёлсон ужгирсан байгууллага. Энгийн иргэдээс эхлээд Их хурлын гишүүн хүртэл хууль зөрчвөл шалгагддаг, их бага хариуцлага хүлээдэг бол Цэцийн гишүүн зөвхөн гэмт хэргийн үйлдэл дээрээ л баригдахгүй бол яасан ч бай ямар ч хариуцлага тооцохгүй, хуулийн лут том хамгаалалтыг улс төрчдөөр өөрсөддөө бий болгож чаджээ. Тийм ч учраас үеийн үед Цэцийн гишүүдийг тойрсон хэл ам тасардаггүй. Та ч, би ч 60, үсрээд 65 хүрээд тэтгэвэрт гарах бол Үндсэн хуулийг манах ёстой Цэцийн дарга суудалтайгаа зууралдаж, гарын хүнээрээ хууль бусаар хэрэг үүсгүүлэн өөрийгөө хамгаалуулж, хараат бус ажиллах ёстой шүүх засаглалын дээд байгууллага Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хэрэг үүсгэчихээд байгаа нь Н.Чинбат хаана хүртэл “дор орсныг гэрчилж” байна
Эх сурвалж: GARTS.MN
|