СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 20-хон хоногт согтуудаа хүний аминд хүрсэн есөн хэрэг гарчээ
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Б.Баттулга эмэгтэйчүүдийн болон эр цэргийн баяраар цагдаагийн байгууллагад ирсэн гэмт хэргийн дуудлага мэдээллийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Жил бүрийн гуравдугаар сар онцлог сар байдаг. Олон улсын эмэгтэйчүүдийн баяр болон Монгол цэргийн баяр болдог. Баярын өдрийг угтаж цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Зөвийг зөвлөе” арга хэмжээг гуравдугаар сарын 04-21-нийг дуустал зохион байгуулж ажиллалаа.
Энэ хугацаанд улсын хэмжээнд нийт 2191 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 354 нь согтуугаар үйлдсэн байна. Согтуугаар үйлдсэн гэмт хэргийг задалж үзвэл хүнийг алах хэрэг ес, хүний амь нас бусад байдлаар хохирсон 28 тохиолдол байна.
Нийт 412 хулгайлах гэмт хэрэг гарснаас 32 хэрэг нь согтуугаар үйлдсэн. Хүчиндэх 24 хэргээс согтуугаар есөн хэрэг үйлдэгдсэн. 26 дээрмийн хэргээс таван хэргийг согтуугаар үйлдсэн.
Дээрх хугацаанд хамгийн их бүртгэгдсэн хэрэг бол хүний эрүүл мэнд, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг. 231 байна. Хүний биед хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан гэсэн үг.
Гуравдугаар сарын найман болон 18-нд тус бүр хоёр хоёр хүн амины хэрэг гарсан. Мөн 4331 хүн эрүүлжүүлсэн. Үүнээс гуравдугаар сарын 08-нд 259, үүнээс 20 нь эмэгтэй,18-нд 288 хүн эрүүлжүүлснээс эмэгтэй нь 20 байна” гэлээ.