Шар усны үер болон мөс цөмрөх аюулаас СЭРЭМЖТЭЙ байхыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 21-ний өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 26% нь цастай ба дундаж зузаан нь 8 см, цасан дахь усны нөөц 2.24 шоо.км байна.
Жишээлбэл Увс нуур, Тэс гол, Булган, Идэр, Шишхэд, Халх голын сав газруудын 55-85% нь цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар 0.35 шоо.км бол Хяргас нуур, Завхан, Дэлгэрмөрөн, Хар нуур, Ховд, Үенч, Бодонч, зэрэг голуудын савын 30% орчим нь цастай, цасны усны нөөц нь дунджаар 0.21 шоо.км байгаа юм.
Мөн түүнчлэн манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-20 см нимгэрч мөсний үзэгдэл идэвхижиж, мөс хэврэгшиж эхэлсэн байна.
Цаашид цаг агаарын дулааралтай уялдан дээр дурьдсан гол мөрний сав дахь цас, мөс хайлж, хаврын шар усны үер цөнгийн хахаатай давхцан ус эргээсээ халих, голын эрэг татам орчим усанд автах зэрэг үзэгдэл ажиглагдаж болзошгүй байна.
Мөн өвөлжилт хүндэрсэн газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийж хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.