ЦЕГ: Долоо хоногийн ОНЦЛОХ ТОЙМ
Энэ долоо хоногт цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас зохион байгуулсан иргэд, олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.
ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ “НӨХӨРСӨГ УУЛЗАЛТ-2022” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Монгол цэргийн өдрийг угтан Онцгой байдлын ерөнхий газраас төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдах бүрэлдэхүүний дунд зохион байгуулж буй спортын “Нөхөрсөг уулзалт-2022” тэмцээн өнөөдөр /2022.03.11/ “Аврагч” биеийн тамир, техник спортын хороонд эхэллээ.
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагын нэгдмэл үйл ажиллагааг бэхжүүлэх, бие бялдрын бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй тус тэмцээн “Биллиард”, “Гар бөмбөг”-ийн төрлөөр аваргуудаа шалгаруулах юм.
Энэхүү “Нөхөрсөг тэмцээн-2022”-д Цагдаагийн ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын нийт 130 гаруй удирдах бүрэлдэхүүн оролцож байна.
СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхэд, залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах ухуулга, нөлөөлөл, мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулах “Сургагч багш” нарыг бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтад ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, нийслэлийн 9 дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг бүхий орон нутгийн алба хаагчид хамрагдаж буй юм.
“Сургагч багш” нар хариуцсан нутаг дэвсгэртээ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, мэдээллийн ажлыг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулснаар энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарах юм.
“ЗӨВИЙГ ЗӨВЛӨЕ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, архины зохисгүй хэрэглээг багасгах, согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Зөвийг зөвлөе” арга хэмжээг энэ оны 03-р сарын 04-ний өдрөөс эхлэн 03-р сарын 23-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
"САЙН ЖОЛООЧ" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Увс аймаг дахь цагдаагийн газраас "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, зөрчил гаргалгүй хөдөлгөөнд оролцож байсан 70 эмэгтэй жолооч нарыг урамшуулж сарнай цэцэг, цагаан сэтгэлийг билэгдэж сүү, сэтгэлийн үг шингээсэн зурагт хуудас зэрэг бэлэг дурсгалын зүйлс гардууллаа.
ЭРГҮҮЛ, ХАМГААЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА
“Тэмээний баяр-2022” арга хэмжээ энэ оны 3 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгуулагдсантай холбогдуулан Өмнөговь аймаг дахь цагдаагийн газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор тэмээтэй эргүүл хамгаалалтыг хийж, хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж, иргэд олон нийтэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх санамж, сэрэмжлүүлгийг хүргэж ажиллалаа.