Ө.МӨНХНАВЧ: Гэр бүл нь ойлгодоггүй, дэмждэггүй бол эмэгтэй хүн ПРОКУРОРЫН АЖЛЫГ хийхэд хэцүү
Төрдөө тангараг өргөж, төрийн нэрийн өмнөөс зөв, бурууг дэнсэлдэг прокурор хэмээх хүндтэй албыг хашиж байгаа эмэгтэй прокурорууд олон бий. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ө.Мөнхнавчийн ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдгийг зурагласнаа хүргэе.
Ө.Мөнхнавч прокурорын байгууллагад 13 дахь жилдээ ажиллаж байна. Тэрээр 2021 оны 6 дугаар сараас эхлэн Баянзүрх дүүргийн прокурорын газарт шилжин томилогджээ.
Түүний ажлын өдөр өглөө эрт эхэлнэ. Том охиноо сургуульд нь хүргэж өгөөд, ажилдаа ирэхэд өглөөний 08:00 цаг болсон байна.
Прокурорууд хэрэг материалтайгаа танилцаж, хянаж шийдвэрлэж суухад нэг өдөр ч хүрэлцэхгүй.
Баянзүрх дүүрэг нь хүн ам ихтэй, тэр хэрээр гэмт хэрэг, зөрчлийн гаралт ч их. Прокурорууд зөвхөн албан өрөөндөө л ажиллаад байдаггүй. Шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцоно, цагдан хоригдсон хүнтэйгээ болон хэргийн бусад оролцогчидтой уулзаж санал хүсэлтийг нь шийдвэрлэнэ, шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагад очиж мөрдөн шалгах ажиллагаанд оролцоно, урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийнэ, мөн 102-ын жижүүрт гарна.
Аливаа хэрэг дээр мөрдөгч, прокуроруудын хамтын ажиллагаа маш чухал. Тиймдээ ч мөрдөгчиддөө ажлын чиглэл, даалгавар өгч, хамтран ажилладаг.
Хяналтын ажлаас гадна шалгалт, судалгаа, хурал зөвлөгөөн, сургалт зэрэг прокурорын байгууллагын дотоод ажлуудад оролцоно.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын нэг прокурор дунджаар 50 гаруй гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, 200 орчим хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхэд байнгын хяналт тавьж, долоо хоногтоо 10 орчим шүүх хуралдаанд оролцдог байна.
Прокурорууд гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг судлах, түүнээс урьдчилан сэргийлэх, иргэдийн хууль, эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарч ажилладаг. Баянзүрх дүүргийн прокурорын газраас өнгөрсөн онд 14 шалгалт, судалгаа хийж, 28 удаагийн сургалт, 16 удаагийн яриа таниулга хийжээ. Сүүлийн жилүүдэд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн гаралт ихсэх хандлагатай болсон учраас 2021 онд энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг дүүргийн хэмжээнд судалсан бол одоо “Хүнийг санаатай алах гэмт хэргийн шалтгаан нөхцөл”-ийг судалж байна. Энэхүү судалгааны дүнг үндэслэн цаашид урьдчилан сэргийлэх ямар ажлууд хийх талаар үйл ажиллагаагаа төлөвлөх ажээ.
Ө.Мөнхнавч прокурор бага насны хүүхэдтэй. Тиймдээ ч цайны цагаараа бага хүүгээ хөхүүлдэг. Хэдийгээр прокурор хүн ажил ихтэй ч, ар гэрийнхээ амьдралыг ижил тэнцүүхэн авч явахын тулд цаг нартай уралдан ажилладаг.
Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Миний ажлын нэг өдөр эрт л эхэлдэг дээ. Өглөө эрт босоод бага хүүгийнхээ хоолыг бэлдэж орхиод, том охиндоо өглөөний цайг нь уулгаад сургуульд нь хүргэж өгчихөөд шууд ажилдаа ирдэг. Ажил дээрээ эрт ирээд тухайн өдрийнхөө ажлыг төлөвлөхөөс ажил маань эхэлдэг.
Долоо хоног бүрийн эхний өдөр байгууллагын шуурхай зөвлөгөөн, хэлтсийнхээ хуралд сууж, тухайн долоо хоногт шийдвэрлэх хэргийнхээ явц байдлыг танилцуулдаг.
Таны хүүхэд нас хаана, хэрхэн өнгөрсөн бэ? Яагаад прокурор болсон бэ?
Би Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 14 дүгээр сургуулийг төгсөөд Цагдаагийн академид эрх зүйч мэргэжлээр элсэн орсон. Хүүхэд байхдаа дүрэмт хувцас өмссөн хүмүүсийг хараад сүрддэг, бахархдаг, тэдэн шиг болох юмсан гэсэн нууцхан хүсэл мөрөөдөлтэй хүүхэд байсан. Оюутан болоод үйлдвэрлэлийн дадлагаа Хэнтий аймгийн прокурорын газарт хийснээр прокурор хүн яг юу хийдэг вэ гэдгийг илүү нарийн ойлгож мэдсэн. Тус аймгийн прокурорын газарт ажилладаг байсан Ч.Хандаамаа прокурорын эзэмшсэн мэргэжил, эрхэлж байгаа ажилдаа хандаж байгаа байдал, тууштай хөдөлмөрч зан чанарыг нь хараад прокурор мэргэжлийн сайхныг мэдэрч, ирээдүйн ажил мэргэжлийнхээ чиг баримжааг олж авсан.
Сургуулиа төгссөн шинэхэн эрхзүйч хэрхэн ажлын талбарт гарсан бэ? Прокурор болох хүсэлдээ хөтлөгдөөд шууд прокурорын байгууллагыг сонгосон уу?
Тиймээ, тэгэлгүй яахав. Прокурор болох л туйлын хүсэлтэй байсан болохоор сургуулиа төгсөөд л Говьсүмбэр аймгийн прокурор газарт бичээчээр анх ажилд орж байлаа. Хэдий хотод төрж өссөн ч гэсэн орон нутагт ажиллавал маш их зүйлийг сурах байх гэсэндээ тус аймгийг зорьсон. Говьсүмбэр аймгийн прокурорын газарт бичээч, нарийн бичгийн дарга, туслах ажилтнаар ажиллаж байгаад 2016 онд Дорноговь аймагт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдож 5 жил ажилласан. Энэ хугацаандаа орон нутгийн туршлагатай прокуроруудаас маш их зүйл сурч авсан. Прокурор хүн ямар байх ёстойг тэндээс л анх мэдсэн. Тухайн үед хамт ажиллаж байсан аймгийн прокурор Г.Ганхүү, Ш.Батаа, Ц.Амгаланбаатар, С.Цэрэнсамбуу, орлогч Э.Одхүү, Г.Энхтүвшин гээд олон прокурорууд маш их туслаж дэмждэг байсан.
Шинэ прокурорууд тангараг өргөдөг. Хэзээ ч мартагдахааргүй тэр сайхан мөчөө эргэн дурсвал?
Анх прокуророор томилогдоод тангараг өргөх үед билэгт сайн өдөр таарч байсан. Дорноговь аймгийн Тамгын газарт хүндэтгэлийн 9 хөлт цагаан тугийг анх байрлуулж байхад тангаргаа өргөж, тухайн үед орон нутгийн телевизэд ярилцлага өгсөн. Энэ үед прокурорын ажил албаныхаа онцлогийг хүмүүст ойлгуулчих юмсан гээд сандарч байснаа маш сайн санадаг.
Эмэгтэй хүн прокуророор ажиллана гэдэг тийм ч амар биш байх гэж санагддаг. Ажил амьдралаа хэрхэн хослуулж авч явахыг хичээдэг вэ?
Прокурорын ажил маш их хариуцлагатай ажил. Цаг наргүй ажиллах шаардлага гардаг. Гэр бүл нь ойлгодоггүй, дэмждэггүй бол эмэгтэй хүн прокурорын ажлыг хийхэд хэцүү. Нөхөртэйгээ Говьсүмбэр аймагт ажиллаж байхдаа танилцаж гэр бүл болсон. Ээж болон нөхөр маань прокурорын ажлын онцлогийг маш сайн мэддэг. Миний хувьд энэ их ажлыг гэр бүлийнхнийхээ дэмжлэг туслалцаатай л амжуулдаг. Бага хүүхдээ ой хүрээгүй байхад нь ажилдаа орсон учраас цайны цагаараа гэртээ очиж хөхүүлдэг. Ажил ихтэй ч гэсэн гэр бүлдээ цаг гаргахыг маш их хичээдэг. Над шиг олон эмэгтэйчүүд прокурорын байгууллагад ажилладаг. Манай удирдлагууд, орлогч, ахлах прокурорууд ажлын ачаалал ихтэй байдаг учраас бага насны хүүхэдтэй прокурорууддаа илүү анхаарал тавьж, ажиллах нөхцөлийг хангаж өгдөгт баярладаг.
Чөлөөт цаг гарвал юу хийдэг вэ? Ажлын бус цагаар өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ?
Орчин үед хүн бүрийг алхам тутамдаа л суралцаж байхыг шаарддаг болсон. Суралцах нь тухайн хүний идэвх чармайлттай холбоотой. Миний хувьд гэр бүлдээ цаг гаргахаас гадна хүүхэдтэйгээ хамт хэл сурахад анхаарч байна.
Нийгэмд гарч байгаа олон төрлийн хэрэг маргааныг хянадаг хүний хувьд эмзэглэж явдаг зүйл юу байдаг вэ?
Ихэнх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь архи согтууруулах ундаатай холбоотой байдаг. Хүмүүсийг архидалтаас татгалзаж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж байгаасай, эерэг хандлагатай байгаасай гэж хүсдэг.
Прокурорын байгууллага гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. Хэдийгээр нийгмийн сүлжээ хөгжиж, хүмүүс мэдээллийг хаанаас ч олж авч чадаж байгаа ч хууль, эрх зүйн мэдлэг мэдээлэл дутмаг байна. Яриа таниулга хийхдээ “Таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана” гэдгийг ойлгуулахыг хичээдэг. Хүн болгон миний эрх гэж хэлдэг ч бусдын эрх ашгийг үл ойшоож байгаа нь аливаа хэрэг маргааны үндэс суурь болдог гэдгийг хэлэхийг хүсдэг.
Ямар үед прокурор мэргэжлээрээ бахархах сэтгэл төрдөг вэ?
Хэргийн материалыг хянах бүрдээ мөрдөн шалгах ажиллагааг хуулийн дагуу явуулж уу, хүний эрх, эрх чөлөөг зөрчөөгүй байгаа, хэргийн үнэн зөвийг нь тогтоож чадсан байна уу, үүний тулд ямар ажиллагаа хийх шаардлагатай байна гэж хардаг. Хохирсон хүний эрх ашгийг сэргээж, нөгөө талдаа гэмт хэрэг үйлдсэн хүнд хуульд заасан хариуцлагыг шударгаар хүлээлгэх тэр мөчид бидний ажлын үр дүн нь гарч байдаг. Тэр үед л эзэмшсэн мэргэжил, ажил албаараа бахархдаг.
Их ажлынхаа хажуугаар ярилцсанд баярлалаа. Танд Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе.
Баярлалаа. Ажил мэргэжлээрээ өөрийгөө гоёсон прокурорын байгууллагын нийт эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. Ээждээ бас баярын мэнд хүргэж “хайртай” гэдгээ хэлмээр байна.
Прокурорын байгууллагад эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж байгаа эмэгтэйчүүд олон бий. Би прокурор эмэгтэйчүүдээрээ маш их бахархдаг. Өргөсөн тангарагтаа үнэнч, прокурорын мэргэжил, нэр хүндийг ямагт өндөрт өргөж явдаг, ажилч, хичээнгүй, хүнлэг, шударга бүсгүйчүүд олон байдаг. Хамгийн хүчирхэг эмэгтэйчүүд л манай албанд ажилладаг.
Хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх өндөр хариуцлагатай албыг нэр төртэй хашиж яваа прокурорын байгууллагын бүсгүйчүүдээр бахархмаар. Ажил, амьдралын шугамыг баримтлан, чин шударгаар ажиллаж байдаг прокурорын байгууллагын чимэг болсон эмэгтэй прокурор, ажилтнууд та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе!