Хууль зүй, дотоод хэргийн салбарын төлөөлөл 16 МӨРДӨСТ БҮСГҮЙ
Нийт уншигчдадаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. Бид өнөөдрийн дугаартаа Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа, тусгай чиг үүргийн зургаан байгууллагын төлөөлөл 16 мөрдөст бүсгүйчүүдийг ярилцлагадаа урьж, тэдний ажлын онцлог, хэрхэн ажилладаг арга барилтай нь танилцсан юм. Эх орныхоо хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, ард түмнийхээ амар амгалан байдлыг хангах, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх болон бусад хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлэхийн төлөө үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа тэднийхээ яруу алдрыг магтъя.
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн
Би цэрэг, цагдаагийн байгууллагад сүүлийн 20 гаруй жилийн турш дэслэгчээс эхлээд хурандаа хүртлээ ажиллаж яваа цөөн эмэгтэйчүүдийн төлөөлөл. Сонирхуулж хэлэхэд, яг одоо ажиллаж байгаа ганц эмэгтэй хурандаа.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөнөөсөө хойш буюу 22 настайгаасаа эхлээд цагдаагийн байгууллагад ажиллаж байна. Энэ хугацаанд Улсын мөрдөн байцаах газар, Гэмт хэрэгтэй тэмцэх тасаг гээд олон чиглэлд ажиллаж, өөрийгөө сорьж байсан. Үүнээс нийт ажилласан жилийн минь бараг 80 орчим хувь нь Мөрдөн байцаах газартай холбогддог. 2000 оны эхэн үед нэлээд газар авсан хадгаламж зээлийн хоршоодоос эхлээд ээдрээт төвөгтэй, олон үйлдэлтэй хэргүүд дээр чамгүй их ажилласан даа. Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн даргаар ажиллаж байна.
Хүн ер нь аливаа ажилд чин сэтгэлээр, хуулийн дагуу ажиллаж чадвал болохгүй зүйл гэж үгүй. Цол яаж ч ахиж, хөл хаашаа ч хүрч болно. Миний хувьд сонгосон энэ салбар маань намайг бараг л бүх насаар минь илүү хүнлэг байхад сургаж яваа шиг санагддаг юм. Хамгийн гол нь аливаа ажил хөдөлмөрт тууштай, сахилга баттай, ёс зүйтэй байж, зөв энергиэр л ажиллаж сурах хэрэгтэй. Өөр зүйлгүй дээ. Олон жил энэ салбарт ажилласан болохоор аливаа асуултад нэг их нарийн, дэлгэрэнгүй хариулахаас зайлсхийх шинжтэй болчихдог шиг байгаа юм. Тодорхой шаардлагагүй л бол ерөнхийлчих гээд байдаг хандлагатай шүү (инээв).
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Хил хамгаалах ерөнхий газрын Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл мэндийн хяналтын улсын ахлах байцаагч, "Хилчин" эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, дэд хурандаа О.Бадмаа
Өдөр гэхээсээ улирлаар нь ярьвал бидний ажлыг ойлгоход илүү дөхөм болов уу. Миний хувьд жилийн дөрвөн улиралд өөр өөр байдлаар ажилладаг. 1-2 дугаар сард хотын оффистоо сууж суурин ажлуудад төвлөрдөг бол гуравдугаар сараас эхлээд хилийн анги, салбаруудаар биечлэн явж хилчдийн эрүүл аюулгүй байдлыг бүрдүүлэх, таатай тухтай амьдрах хэрэгцээ нь хангагдаж чадаж байгаа эсэхийг хянаж, хэрэгжүүлдэг. Энэ үед багийнхандаа хамгийн их тавьдаг асуулт нь "Энд хилчдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх ямар нэг зүйл байна уу? Байгаа бол түүнийг хэрхэн шийдэх вэ?" л гэдэг асуудал.
Нэг гаралтандаа хамгийн багадаа 14 хоног, хамгийн ихдээ хоёр сар гаруй явж, 2000-3000 км зам туулдаг. Байгууллагадаа 20 гаруй жил ажиллах хугацаанд хилийн бүхий л хэсэгт очиж, Монгол Улсаа гурван удаа бүрэн тойрсон байна. Энэ дундаас хамгийн их сорилттой үе нь өнгөрсөн хоёр жил байлаа. Онцгой байдлын нөхцөлд ч хилийн салбарууддаа байнга хяналт тавьж, хилээр халдвар оруулахгүй байх, хилчдийнхээ эрүүл аюулгүй байдлыг хангах нь нэлээд их анхаарал, чадвар шаардсан ажил байсан. Үүний дүнд бид дотооддоо нэг жил гаруй хугацаанд халдвар алдалгүй явж чадсан. Цаашдаа ч хил орчмын амьдрал, хилийн анги, салбаруудын найдвартай ажиллагаанд гол анхаарлаа хандуулан ажилласаар байх болно.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын, химийн лабораторийн эрхлэгч, дэд хурандаа Д.Золзаяа
Бид шинжлэх ухаанд суурилсан буюу лабораторийн шинжилгээний дүгнэлтэд үндэслэн гэмт хэргийг хөдөлшгүй баримтаар нотлон тогтоох чиглэлд шамдан ажилладаг. Тиймээс ажлаа маш няхуур, өндөр хариуцлага, ёс зүйн хүрээнд хийх шаардлагатай. Манай байгууллагын хувьд нийт ажилтнуудын 39.7 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг нь хууль сахиулах байгууллагууд дотроо нэлээд өндөр үзүүлэлт л дээ. Ажилдаа энэ давуу талаа аль болох сайн ашиглахыг хичээдэг юм.
Мөн олон улсын шинэ техник, технологиос тухай бүрд суралцаж байх хэрэгцээ тун их. Жишээ нь, 2018 оноос бид техник технологийн шинэчлэл хийж, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын илрүүлгийг ахисан түвшинд хийж эхэлсэн юм. Энэ мэт шинэчлэл өөрчлөлт болгонд л мэргэжилтнүүд бид бэлэн байх хэрэгтэй байдаг. Хаана, ямар шинэ зүйл гарсан, түүнийг хэрхэн хийх, яаж ажиллуулах зэргийг байнга сонирхож, судалж явдаг.
Лабораторийн шинжилгээгээр гэмт хэрэгтнийг нотолно гэдэг бүрэн зургаараа хэрэгт холбогдсон хүмүүс, цаашлаад хэд хэдэн айлын амьдралыг шийддэг эгзэгтэй ажил. Зөв хүнд нь хариуцлага тооцож, буруугүй хүнийг хэлмэгдүүлэхгүйн тулд бид мөрдөн байцаагчидтай нэг баг болж, нягт ажилладаг. Өөрөөр хэлбэл, манай ажилд багийн ажиллагаа нэлээд жин дардаг.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Дотоод хэргийн их сургуулийн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны сургуулийн Шийдвэр гүйцэтгэлийн тэнхмийн ахлах багш, ахмад Ю.Оюунаа
Хуучин цагт багш нарын хамгийн дотнын найз нь шохой, самбар, укаска байсан бол өнөө цагт нөтбүүк, хурдтай интернэт, Google meet, Zoom болжээ. Өөрөөр хэлбэл бусадтай байнгын харилцаа холбоотой байх боломжийг олгодог зүйлс бүхэн бидний хувьд хамгийн чухал нь. Мөн их сургуулийн багш нар заах сургах ажлаас гадна судлаачийн ажлаа алдалгүй үргэлжлүүлэх хэрэгцээтэй байдаг. Иймд Google form, SPSS гэх мэт судалгааны хэрэглүүрүүдийг ихээр хэрэглэнэ.
Апп, хэрэгслүүд биш ч гэлээ багш хүний хувьд сургуулийн орчинд зайлшгүй шаардагддаг хэд хэдэн зөөлөн ур чадварууд бас бий. Манай сургуулийн сонсогчдын дийлэнхийг өсөх насны хөвгүүд эзэлдэг, охид багатай. Ид хөдөлгөөнтэй, аливааг таньж мэдэх өндөр сонирхолтой олон хөвгүүдтэй нэлээд уян хатан, гэхдээ бас зарчимч байдлаар харилцах хэрэгцээ шаардлага тун өндөр байдаг. Өгөөжтэй, сайн багш байхын тулд эхлээд өөрөө сайн хүн болох ёстой гэсэн үг л дээ. Учир нь бид ажлаа жирийн нэг хууль сахиулах салбарын мэргэжилтэн биш, харин монгол эр хүн, ирээдүйн монгол аавыг бэлдэж байгаа хэмээн ойлгож хүлээн авдаг. Иймд зүгээр нэг онолын болон бие бялдрын төлөвшлийг бус, харин сэтгэл зүйн, хүндлэл, хүнлэг байдалд сургахыг чухалчилдаг. Иймд зөөлөн бөгөөд ёс зүйтэй, тууштай, шударга зан харилцаа бол бидний ашиглахгүй байж чаддаггүй мэргэжлийн хэрэглүүрүүд юм.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад М.Үүлэнсолонго
Уян хатан байх. Өдөрт тун олон төлөвлөөгүй, гэнэтийн ажил гарч ирдэг. Тэр бүрд анх гаргасан төлөвлөлтөндөө уягдаж, түүнийгээ л хийнэ гэж зөрүүдлээд суувал эсрэгээрээ илүү их зүйлийг хийж чадалгүй алдах эрсдэлтэй. Иймд хэдий чинээ уян хатан байна төдий чинээ цагаа хэмнэж чаддаг. Үүний дараа ажлуудаа яг одоо, нэн яаралтай, яаралтай, хойшлуулж болох гэх мэтээр хуваагаад дарааллын дагуу хийгээд явна.
Мөн өөрөө биш өрөөлөөр хийлгэх боломжтой ажлуудыг аль болох нарийн ангилж, чадах хүнд нь чадах зүйлийг нь даалгахыг боддог. Багаар ажиллахын давуу тал л даа. Мэдээж энд технологийн дэвшлүүдийг дурдахгүй өнгөрч болохгүй. Дотоод сүлжээний программууд мэдээлэл солилцоо, өргөдөл гомдлын шийдвэр гаргалт гэх мэт олон механик ажлуудыг хөнгөвчилдөг.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Дотоод хэргийн их сургуулийн Бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Б.Мөнхзаяа
Би нэг талаараа цэргийн салбарт ажиллаж байгаа мөрдөстэй албан хаагч, нөгөө талаараа боловсролын салбарт хүчин зүтгэж байгаа мэргэжилтэн, ахиад нэг талаараа гурван хүүхдийн ээж, айлын эхнэр. Эдгээр бүх л ажлаа алдалгүй авч явахын тулд аливааг өдөр тутам, богино, дунд, урт гэсэн дөрвөн хугацаагаар ангилж, төлөвлөлтөө гаргадаг. Түүнээс гадна ажлын таван хоног, амралтын хоёр өдрийг хооронд нь нарийн зааглана. Ер нь өдөр тутмынхаа үйл ажиллагааг л жигд зохион байгуулаад сурчихвал холын зорилго илүү дөт, ойлгомжтой болж ирдэг. Тиймээс өдөр тутмын төлөвлөлт, түүнийгээ мөрдөх сахилга батыг юун түрүүнд чухалчилдаг.
Одоогоор өдөр тутам болон богино, дунд хугацааны төлөвлөгөөнүүд маань гол төлөв ажил, гэр бүлтэй холбоотой байгаа бол урт хугацааны төлөвлөлт илүү өөрлүүгээ чиглэсэн байна. Жишээ нь, хууль сахиулах салбарт ажилладаг бидний хувьд ажлынхаа онцлогоос шалтгаалж бусад мэргэжилтнүүдийг бодвол эрт тэтгэвэрт гардаг л даа. Иймд урьдаас тэтгэвэрт гарсныхаа дараа юу хийж, гэр бүлдээ болон өөртөө аль болох урт хугацаанд үнэ цэнтэй хүн байх вэ гэдгээ бодож төлөвлөх шаардлагатай.
7. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ТАНЬ ГОЛ ҮНЭ ЦЭН?
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Хүний нөөцийн албаны дарга, дэд хурандаа Д.Эрдэнэдэлгэр
Бид бол хууль сахиулах болон эрүүл мэндийн салбарт хослон ажилладаг онцлогтой хүмүүс. Ингэхдээ Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаагаар дамжуулан төрийн тусгай албан хаагчид болон тэдний гэр бүлийнхэнд нь эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг. Төрийн тусгай албанд ажиллахад юун түрүүнд заавал эрүүл мэндээрээ шалгарах шаардлагатай байдаг л даа. Тэр ч утгаараа тэдэнд осол, гэмтэл л учрахгүй бол эмчилгээ асаргаа авах шаардлага харьцангуй багатай. Элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх нь л бидний ажил болдог. Харин гэр бүлдээ тэр бүр цаг гаргах боломжгүй байдаг тэдний үүргээ биелүүлж, ажлаа хийх явцад нь тулгардаг хамгийн том асуудал нь ойр дотнынхных нь эрүүл энх байдал. Үүнийг л хариуцаж, ар гэртээ санаа зовохгүй байхад нь туслахын төлөө тусгай албан хаагчдын гэр бүлд нь шаардлагатай эмчилгээ сувилгаагаар үйлчилдэг.
Эх орноо хамгаалж, нийгмийн хэв журмыг сахиулах үйлсэд өдөр шөнөгүй зүтгэж буй тэднийг ажлаа тайван, сэтгэл амар хийхэд нь эзэмшсэн мэргэжлээрээ тусалдаг нь бидний ажлын гол үнэ цэн. Улс эх орондоо хос тангараг өргөж, (эмчийн болон цэргийн) нэгэн сэтгэлээр зүтгэн ажилладаг мэргэжил нэгтнүүдээрээ үргэлж бахархдаг.
8. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны хүний нөөцийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа А.Мөнхцэцэг
Цагдаагийн байгууллагад ажиллаад 21 жил, үүнээс Эрүүгийн цагдаагийн албанд ирээд хэдийн 14 жил болжээ. Манай алба нууцын зэрэглэлтэй, далд болон бүлэг зохион байгуулалттай ажил, төслүүдэд их ордог онцлогтой болохоор хүний нөөцийн мэргэжилтний зүгээс харьяанд байдаг ажилтнуудынхаа авьяас чадварт нь тохирсон томилгоо хийх, шинээр ажилтан авахдаа хүнийг нь сайтар таних, судалж мэдэх шаардлагатай болдог. Үүнтэй зэрэгцээд дөрвөн хүүхдийн ээж, айл гэрийн эзэгтэйн үүргээ хариуцлагатайгаар авч явна гэдэг хувь хүнээс чамгүй зохион байгуулалт, ачаалал даах чадвар шаардана шүү.
Ажил, амьдралын энэ завгүй хэмнэлээс толгойг минь мулталж, эрч хүчээр сэлбэдэг гол зүйл бол дуу хөгжим. Сайхан хөгжим, сонсголонтой аялгуунууд сэтгэл санааг урамтай урагшлах хүчээр сэлбэдэг шидтэй. Нэлээд нээлттэй төрлийн хүн болохоор ч тэр үү, төрөл бүрийн цоглог хэмнэлтэй дуунуудыг илүүтэй таашаадаг. Мэдээж гэр бүл, хүүхдүүд маань хамгийн нандин эрч хүч сэлбэгчид.
9. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн хүнсний албаны дарга, "Хилчин" эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, ахмад Ө.Сарантуяа
Би үндсэн ажлынхаа хажуугаар "Хилчин" эмэгтэйчүүдийн холбоонд удирдах зөвлөлийн гишүүний ажил хийдэг. Нөхөр, гэр бүлээ дагаад өөрийн карьер, нийгмийн амьдралаа золиослон хил дагуух буйд газрыг зорин ирсэн тэдгээр эмэгтэйчүүдийн зориг тэвчээр, гэр бүлээ гэсэн хайрыг нь хүндлэхгүй байхын аргагүй. Тиймдээ ч тэд бол тангараг өргөсөн цэргээс дутуугүй хилчид юм. "Хилчин" эмэгтэйчүүдийн холбоо яг л тэдгээр эмэгтэйчүүдийн төлөө ажилладаг.
Тэдний нийгмийн хэрэгцээ, ажил эрхлэлт, ахуйн байдлыг бид боломжит хамгийн өндөр түвшинд байлгахыг эрмэлздэг. Гадаад дотоодод хэчнээн сайхан мэргэжил эзэмшээд ирсэн ч цэргийн хүний томилгоог дагаад 10 хүрэхтэй үгүйтэй хүнтэй, суурин газраас хэдэн зуу, хэдэн мянган км-т алсарсан газарт сонголтгүйгээр тогооч, аж ахуйч хийж байна шүү дээ. Ингээд бодохоор энэ бол дурлаж хийхээс аргагүй ажил. Энэ ажлын нэг хэсэг болоод нэг мэдэхэд 20-иод жил болсон байна.
10. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч О.Эрдэнэчулуун
Ажлын маань чиг үүрэг гэмт хэрэгтэй тэмцэж, нийгмийн хэв журмыг сахиулах явдал. Ингэхдээ хүний эрхийг дээдэлж, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлж, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, гэм үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нотлох баримт цуглуулдаг. Хэргийн газрын үзлэг, яг хэзээ дуусах нь тодорхойгүйгээр үргэлжлэх мөрдөн шалгах ажиллагаануудаас гадна тушаал авсан л бол жагсаал цуглаан, баяр ёслолын хамгаалалтад эрчүүдтэйгээ нийлээд л аль ч цагт гарна. Нэгтгээд хэлбэл, дурлаж сонгоогүй л бол эмэгтэйчүүдэд хүнд салбар л даа. Тиймдээ ч улсын хэмжээнд ердөө 600 гаруй эмэгтэй мөрдөгчид ажилладаг байх.
Миний хувьд хийж буй ажлаараа дамжуулан сэжигтний гэм буруугүй эсэхийг хөдөлшгүй баримтаар нотлон, шударга ёс гэж байдгийг батлан харуулах тэр мөчдөө үгээр хэлшгүй их баяр баясал мэдэрдэг. Авч болох хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг. Шударга ёсны үнэ цэнийг хаана ч байхгүй ихээр мэдрүүлж, түүнд шунуулдаг нь ажлын маань гол онцлог. Бэрхшээлтэй тал нь мэдээж гэр бүлдээ зарцуулах цаг зав. Амралтын өдөр бид ажиллаж л байдаг, баярын өдрүүдээр ч ажиллаж л байдаг. Ер нь бидний ажилд баярын өдөр, шөнө орой байх эсэх зэрэг нь огт хамаагүй. Гэхдээ бас тэгэхээс ч аргагүй. Цаана нь хүний амьдралын бүх л ирээдүй яригдаж байгаа шүү дээ. 2007 оны шинэ жилээр гэхэд манай багийнхан хэргийн газрын үзлэгээр явж байсан уулын орой дээр, 69 маркын машин дотроо оргилуун дарс буудуулан оноо гаргаж байлаа. Тоочоод байвал энэ мэт жишээ дуусахгүй их.
11. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Хил хамгаалах ерөнхий газрын Сургалтын хэлтсийн англи хэлний сургагч багш, "Хилчин" эмэгтэйчүүдийн холбооны жендэрийн дэд зөвлөлийн нарийн бичиг, хошууч Л.Содном
Би хилийн анги, салбаруудын алба хаагчдад англи хэлний сургалт ордог. Хоёр хилийн зааг дээр ажиллаж байгаа алба хаагчид өдөр тутмын харилцаандаа анхан шатны гадаад хэлний мэдлэгтэй байх нь тун чухал.
Одоогоор миний хувьд "Хүний эрхийн үндэсний хороо"-той хамтран хүний эрхийн талаар мэдлэг ойлголт хүргэх зорилготой цуврал подкаст бэлтгэн хүргэхээр төлөвлөж байна.
Мөн олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан "Харилцан хүндэтгэе" үндэсний аяны хүрээнд жендэрийн хэвшмэл ойлголтыг зогсоох, хамтдаа хөгжих, хамтын оролцоог дэмжих чиглэлээр сургалт явуулах, хэлэлцүүлэг зохион байгуулах, "Жендэрийн хэвшмэл ойлголт ба эмэгтэйчүүдийн оролцоо" сэдэвт илтгэл тавих зэрэг ажлуудын зохион байгуулалтыг эхлүүлж байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэгш боломж, тэгш оролцоог хангахад чиглэсэн мэдээ мэдээллийг байгууллагынхаа хэвлэл мэдээллийн сувгаар дамжуулан хүргэх төлөвлөгөөтэй.
12. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ СУРАЛЦДАГ ВЭ?
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Хууль тогтоомж, дотоод ажлын хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Шугархүү
Миний хувьд байгууллагынхаа эмэгтэйчүүдийн зөвлөлийг хариуцан, 1000 гаруй эмэгтэй албан хаагчдаа уриалан ажилладаг. Иймд өөртөө болон бусдадаа зориулж хувь хүний хөгжилд чиглэсэн ном, подкаст, бусад арга ажиллагааг цаг гарган хайж, судлахыг боддог юм. Энэ ажлынхаа хүрээнд бид олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан "Миний авьяас бидний бахархал" нэрт өдөрлөг зохион байгуулна. Цуглуулга, зураг, нэхмэл гээд төрөл бүрийн авьяас, хоббитой 20 албан хаагч эмэгтэй өөрсдийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж, туршлагаа бусадтайгаа хуваалцах энэ үйл ажиллагаанаас өөр бусад ажилтнууд маань өөрийгөө хөгжүүлэх, шинэ сонирхлоо олох урам зориг авна гэдэгт эргэлзэхгүй байгаа.
Мөн бид бие бялдрын талаасаа эрүүл чийрэг, өв тэгш байж, бусдад үлгэр дууриал болох ёстой хүмүүс шүү дээ. Энэ ч утгаараа чөлөөт цагаараа "Хар ирвэс" клубт явж, бялдаржуулах бэлтгэлд тогтмол хамрагддаг.
13. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн ахлах нягтлан бодогч, хошууч Л.Баярцэцэг
Нягтлангийн ачааллыг нягтлан хүн л сайн ойлгох байх. Олон цагаар сууж ажиллах шаардлагатай, өөрөөс шалтгаалахгүйгээр ажил удаашрах нь элбэг байдаг бидний хувьд ажлын байран дээрх стресс санаснаас ч их. Тиймээс чөлөөт цагаараа аль болох хөгжилтэй, хөнгөн, тайван уур амьсгалтай хөгжим, кинонуудаас үзэхийг боддог. Мөн өдрийн ихэнх цагийг хамт өнгөрүүлдэг хүрээлэл маань ажлын онцлогоос шалтгаалан нэлээд баригдмал шинжтэй, сэтгэл зүйн хувьд уналттай байх нь олонтаа. Энэ бүхнээс өөрийгөө аль болох ангид байлгахын тулд ирээдүйд, шийдэлд чиглэсэн номуудыг сонгон сонирхдог.
Хамгийн сүүлд Н.Оюундалайгийн "Хөгжлийн сэтгэл судлал" номыг уншсан. Дууны хувьд би нэлээд тайван мөртлөө үндсэрхэг хүн шиг байгаа юм. Ардын болон зохиолын дуунуудаа л санал болгох байна.
14. БАГ ХАМТ ОЛНООРОО ХАМГИЙН ИХ БАХАРХАЖ БАЙСАН МӨЧ?
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн мэс заслын эмч, Жендэрийн дэд зөвлөлийн гишүүн, дэслэгч М.Мөнхзаяа
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд манай эмнэлэг үндсэн үйл ажиллагааныхаа хажуугаар ковидын эмчилгээ үйлчилгээг давхар явуулж байсан цөөхөн эмнэлгүүдийн нэг. Тэгэх тэгэхдээ Хил хамгаалах ерөнхий газартай хамтарч ажилладаг учраас жилдээ 3-4 удаа хилийн бүсчилсэн нарийн мэргэжлийн урьдчилан сэргийлэх үзлэгүүддээ ч давхар явсаар байсан. Маш өндөр ачаалалтай ажилласан энэ хэдэн жилд манай зарим эмч нар улаан бүсэд зургаан ч удаа орж, эх орондоо байгаа хэр нь гэртээ очилгүй хагас жилийг хөл хорионд өвчтнүүдтэй өнгөрүүлсэн байх жишээтэй. Ганц эмч ч гэлтгүй үйлчлэгч нараас маань улаан бүсэд найман удаа орж ажилласан ч хүн бий. Хэзээ дуусах нь мэдэгдэхгүй тэр хүнд цаг үед өргөсөн тангарагтаа үнэнч байж, ажлаа хэнээс ч илүүгээр сэтгэл гарган хийсэн баг хамт олноороо маш их бахархдаг.
15. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Цагдаагийн ерөнхий газрын Сургалт, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ш.Тунгалаг
Миний хувьд ажлын гараагаа Монголын анхны хурандаа цолтой эмэгтэй болох М.Хоролсүрэнгийн удирдлагад эхлүүлж байлаа. Хамтарч ажиллах хугацаандаа энэ хүчирхэг эмэгтэйгээс ажил амьдралд хэрэгтэй олон сайхан зөвлөгөө авч, үгийг нь сонсож байсандаа өөрийгөө тун ч азтайд тооцдог юм. Ер нь эмэгтэй хүн, эмэгтэй хүнээсээ л хамгийн бодитой, үнэн зүйлийг сонсдог юм билээ. Тэр дундаас амьдралын маань зарчим болж үлдсэн хамгийн тод үг нь "Эмэгтэй хүн хэзээ ч битгий бууж өг. Чадалтай бай, сайхан бай. Өөрийгөө ямар ч үед хаяж болохгүй, тасралтгүй хөгжүүлж бай. Тэгэж байж л эрчүүдтэй эн зэрэгцэж чадна шүү. Бүр илүү ч гарна." хэмээх үг. Энэ л үгийг өдөр тутамдаа сайтар санаж, эрчүүд давамгайлсан салбартаа эмэгтэйчүүдийн орон зайг батжуулж, томруулж явахыг хичээдэг дээ.
Одоо би Монголдоо ганц байгаа эмэгтэй хурандаагийн шууд удирдлагад ажиллаж байна. Монголын анхны болон одоо байгаа цорын ганц эмэгтэй хурандаа бүсгүйчүүдтэй нэгэн цаг үед ажиллаж бас ажилласаар яваадаа баяртай байдаг шүү.
16. БУСДАД ШИДЭХ САНАА?
Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академийн дэд профессор, дэд хурандаа А.Гантуул
Дотоод хэргийн их сургууль цагдаа, шүүх, хил хамгаалах, онцгой байдал гэсэн дөрвөн агентлагийн боловсон хүчнийг бэлтгэдэг. Үүний дотор ДХИС-Удирдлагын академи нь эдгээр салбаруудын удирдлагын албанд дэвшин ажиллах боловсон хүчнийг мэргэшүүлж, ахисан түвшинд сургадаг. Хууль сахиулах салбарт ажиллах эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэгш оролцоог хангах, удирдлагын шатанд дуу хоолойгоо хүргэхэд чадварлаг мэргэжилтнүүд чухал нөлөөтэй. Иймд салбарынхаа эмэгтэйчүүдийг манай сургуульд элсэж, мэргэжлээ дээшлүүлж, карьертаа эргэлтийн цэг хийгээрэй хэмээн уриалмаар байна. Ямар ч хүнд үнэ цэнээ нэмэгдүүлэх, хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ байдаг. Түүнд боловсрол үлэмж хэмжээгээр тусалж чадна. Нас, хүйс, хаана байгаа зэрэг нь таныг нийгмийн үнэлэмжээ нэмэгдүүлэхэд саад болох ёсгүй шүү гэдгийг сайтар ойлгож, айж халгалгүйгээр өөртөө шинэ сорилт тавиарай.
Эх сурвалж: unread.today
|