ОХУ дахь Элчин сайдын яамнаас АНХААРУУЛГА гаргалаа
ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас анхааруулга гаргажээ. Уг анхааруулгадаа "Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын зүгээс ОХУ-д тавьж буй хориг арга хэмжээний хүрээнд төлбөрийн “Visa” болон “Mastercard” систем тус улсын зах зээлээс 2022 оны гуравдугаар сарын 10-ний 00.00 цагаас гарч байгаа тул ОХУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар ирсэн иргэн та Монгол Улсын арилжааны банкны “Visa” болон “Mastercard” картын дансанд байршиж буй мөнгөө нэн даруй бэлнээр авахыг анхааруулж байна.
Цаашид Монгол Улсаас болон өөр улсаас мөнгө шилжүүлэн авахын тулд ОХУ болон бусад орны арилжааны банкнуудад хандаж олон улсын төлбөрийн “UnionPay” системд бэхлэгдсэн карт захиалан авахыг зөвлөж байна.
Харин ОХУ-ын банкнуудаас өмнө нь гаргасан “Visa” болон “Mastercard” картууд нь дотоодын буюу ОХУ доторх төлбөр тооцоонд хэвийн ажиллана гэж Оросын Төв банк мэдэгдэж байгаа" гэсэн байна.