Бусдын толгой дээр халуун кофе асгасан Н.Ариунзаяад ХИЛИЙН ХОРИГ тавилаа
Бусдын толгой дээр халуун кофе асгасан гэх Н.Ариунзаяаг хилээр гаргахыг хориглох саналыг прокуророос шүүхэд хүргүүлсний дагуу шүүх хурал боллоо.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Ариунзаяад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, мөн тодорхой хүнтэй уулзахыг хориглох буюу хохирогч Б.Мандухай болон түүний ар гэрийхэнтэй уулзахыг хориглох...” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг шүүхэд хүргүүлжээ.
Шүүхээс хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг судалж үзээд прокуророос гаргасан “...Тодорхой хүнтэй уулзахыг хориглох буюу хохирогч Б.Мандухай болон түүний ар гэрийхэнтэй уулзахыг хориглох...” хязгаарлалт тогтоох санал нь үндэслэлгүй байх тул хүлээн авахаас татгалзжээ.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцүүлэн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгчийн захирамжийн хувийг Хил хамгаалах ерөнхий газарт даруй хүргүүлж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хил хамгаалах ерөнхий газарт тус тус даалгаж шийдвэрлэлээ.