Ж.ХУНАН: Хүний эрхийн үндэсний комисс прокурорын байгууллагатай хэд хэдэн чиглэлээр хамтран ажилладаг

2022 оны 3 сарын 04

Прокурорын байгууллагын удирдах ажилтны 2022 оны нэгдсэн зөвлөгөөнд Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан хүрэлцэн ирж мэдээлэл хийсэн бөгөөд мөн үеэр түүнтэй ярилцлаа.

- Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд ямар санал, зөвлөмжүүдийг хүргэсэн бэ?

- Прокурорын байгууллагын удирдах ажилтны 2022 оны нэгдсэн зөвлөгөөнд оролцож, Хүний эрхийн Үндэсний комиссоос тус байгууллагын чиг үүрэгтэй холбоотой ямар асуудлууд байгааг танилцууллаа. Мөн хоёр байгууллагын хамтын ажиллагаа цаашид ямар чиглэлээр явагдах вэ гэдэг асуудлаар санал бодлоо хэллээ. Хүний эрхийн Үндэсний комисст ирж байгаа гомдол, мэдээллүүдийн зарим хэсэг нь прокурорын байгууллагын үйл ажиллагаа, чиг үүрэгтэй холбогддог.  Ялангуяа хэрэг хянан шийдвэрлэх процессын үед эрх нь зөрчигдсөн, хилс хэрэгт холбогдсон, мөрдөгч прокурор зүй бус харьцсан, эрүүдэн шүүсэн зэрэг асуудлаар гомдлууд ирдэг. Прокурорын байгууллага зөрчлийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьдаг байгууллага. Энэ чиг үүргийнхээ хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хамгаалдаг. Үүнийг илүү сайжруулах,  боловсронгуй болгох, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, бага насны хүүхэдтэй иргэд прокурорын байгууллагаар үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, хуулиар зөвшөөрөгдсөн мэдээллийг ил тод, нээлттэй хүртээмжтэй өгдөг болоход анхаарах шаардлагатай гэдгийг онцолмоор байна. 

- Хүний эрхийн үндэсний комисс прокурорын байгууллагатай хэрхэн хамтран ажиллаж байна вэ?

- Хүний эрхийн Үндэсний комисс прокурорын байгууллагатай хэд хэдэн чиглэлээр хамтран ажилладаг. Тухайлбал, цагдан хорих, баривчлах саатуулах байр, хорих ангиудад хяналт шалгалтыг хамтарч хийж байна. Мөн хүний эрхийн чиглэлээр хамтран сургалт зохион байгуулдаг. Энэ ажлаа цаашид ч үргэлжлүүлнэ. Түүнчлэн Хүний эрхийн Үндэсний комиссын дэргэд байгуулагдах шинэ бүтцээр дамжуулан эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэх, бэхжүүлэхэд анхаарч байна. Зөвлөгөөний үеэр хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд прокурорын байгууллагын удирдлагуудтай тогтмол уулзаж, санал солилцдог байх, хамтарсан шийдлийг хайж, эрэлхийлдэг уламжлалыг бий болгож хүний эрхийн зөрчлийг багасгах асуудлыг ярилаа. Прокурорын байгууллагын удирдлагууд ч нааштай хүлээж авч байна. Цаашид бидний саналууд хэрэгжээд явна гэж харж байна.

- Баярлалаа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635052
0 эможи

keyboard_arrow_up