ЭМГЭНЭЛ
Галсанбаатарын Мөнхбаяр /1979-2022 он/
Бидний хайртай ач, энэрэлт хүү, ачлалт дүү, халамжит ах, хайрт аав Галсанбаатарын Мөнхбаяр 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Г.Мөнхбаяр нь 1979 оны тавдугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд Шаарийбуу овогтой Галсанбаатарын ууган хүү болон мэндэлж, 1996 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 49 дүгээр дунд сургуулийг төгсөж, 2002 онд Их засаг олон улсын их сургуульд хуульч мэргэжил эзэмшжээ. Монгол Улсад анх Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба байгуулагдахад анхны мөрдөн байцаагчдын нэг болж төрдөө өргөсөн тангаргаа үнэнчээр биелүүлж, түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, Монгол Улсын хуулийн салбарт ухамсарт амьдралаа зориулсан юм.
Тэрээр 2003-2013 онд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, 2013-2018 онд Нийслэлийн прокурорын газарт хяналтын прокурор, Хан-Уул дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор, 2019 оноос Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгчөөр ажиллаж байлаа.
Төрөөс түүний гавьяа, зүтгэлийг өндрөөр үнэлж Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны 10 жилийн ойн медаль, Монгол Улсад прокурорын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн медаль, 2016 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2021 онд Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор тус тус шагнаж байв. Өвөөгийн том ач, айлын ууган хүү Г.Мөнхбаяр маань ах дүү, элгэн садан, зон олныхоо сайн сайхны төлөө тусч, энэрэнгүй сэтгэлээ харамгүй зориулсан ачлал энэрэл дүүрэн, өгөөмөр нэгэн байлаа. Улс эх орондоо тэрээр хууль сахиулах байгууллагын үнэнч төлөөлөл, шударга хөвгүүн нь байв.
Мөр зэрэгцсэн нөхдөдөө ноён нуруутай анд, түшиг нь явсан юм. Хайртай ач хүү, ах, дүү, аав Г.Мөнхбаяр Таны энгийн атлаа эгэлгүй, энэрэнгүй ачлалтай хүн явсныг сэтгэл зүрхэндээ үүрд дурсаж явах болно оо. Бидэнд тохиолдсон уй гашууг сэтгэл зүрхээрээ хуваалцсан бүх хүнд гүн талархал илэрхийлье.
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.