ЦЕГ: Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгтэй хамтран экологийн асуудал хариуцсан алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтад хамрууллаа
Экологийн цагдаагийн алба нь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг дээшлүүлэх чиглэлээр 2020 онд Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг /ZSL/-ийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг байгуулж, тус газартай хамтран “Монголын Экологийн цагдаа: Дэлхийн жишгээр ажиллаж, иргэдтэй түншлэх нь” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэхүү төслийн хүрээнд экологийн асуудал хариуцсан алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг өнөөдөр /2022.02.25/ зохион байгууллаа.
Сургалтад аймаг дахь цагдаагийн газар, хэлтсийн экологийн асуудал хариуцсан 91 алба хаагч цахимаар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Экологийн шинжилгээний лабораторийн шинжээч нар болон тус албаны 56 алба хаагч танхимаар хамрагдсан юм.
Сургалтаар Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн Лондон дахь төв байгууллагын хуулийн хэрэгжилтийг хангуулах асуудал хариуцсан зөвлөх Грант Миллер “Илрүүлэлт-Зэрлэг амьтны худалдаа дэлхий дахинд”, “Зэрлэг амьтдын төлөө ахмадын холбоо” төрийн бус байгууллагын зөвлөх Майкл Брюер “Мэдээллийг төрөлжүүлэх, үнэлэх” сэдвээр тус тус сургалт орлоо.