О.Хулан: Байгалийн хийн хоолойн төсөл хэрэгжсэнээр 10 мянган гаруй ажлын байр бий болно

2022 оны 2 сарын 24

Arslan.mn

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар манай улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн “Техник, эдийн засгийн үндэслэл”-ийг эцэслэн баталсан тухай Протоколд 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гарын үсэг зурсан билээ. Төслийн явцын талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч О.Хулантай ярилцлаа.

-Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн талаар танилцуулна уу?

-2019 онд одоогийн Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа ОХУ-д хийсэн Албан айлчлалын үеэр энэхүү төслийг хэрэгжүүлэх “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан. Үүний дараа ОХУ-ын “Газпром” НХН манай улсад охин компаниа байгуулсан бөгөөд Монголын талаас хамтран ажиллах “Эрдэнэс газ” төслийн нэгжийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяанд байгуулж ТЭЗҮ боловсруулах ажил эхэлсэн түүхтэй. Төслийг эрчимжүүлэх зорилгоор “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов тэргүүтэй төлөөлөгчид 2021 оны 3 болон 10 дугаар сард Монгол Улсад хоёр удаа айлчилсан. Энэ үеэр талуудын ярилцаж тохиролцсон асуудлыг бүрэн шийдвэрлэж, дараа дараагийн ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Байгалийн хийн хоолойн төсөл нь манай хоёр орны хооронд хөгжүүлж буй “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг баяжуулан өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгээрээ онцлог.

-Төслийн техник эдийн засгийн үндэслэлээр хоёр тал ямар ямар асуудлуудыг эцэслэн тохирсон бэ?

-2021 оны 3 дугаар сард “Газпром” НХН-ийн холбогдох хүмүүс манай улсад хүрэлцэн ирж төслийн ТЭЗҮ-ийг боловсруулахад шаардлагатай тандалт судалгааны ажлыг хийсэн. Үүний үр дүнд хоёр талын Хамтарсан ажлын төлөвлөгөөгөө батлан өнгөрсөн оны 12 дугаар сард ТЭЗҮ-ээ бүрэн хийж дуусгасан ба ТЭЗҮ-д төслийн цар хүрээ, хийгдэх ажлуудыг тодорхой тусгаж өгсөн. ТЭЗҮ-ээр энэхүү төсөл нь нэгдүгээрт техникийн хувьд хэрэгжүүлэх боломжтой, хоёрдугаарт эдийн засгийн хувьд үр өгөөжтэй, гуравдугаарт хоёр улсын хил Хиагт-Алтанбулагаас Замын-Үүдийн хил хүртэлх 970 орчим км хийн хоолойг төмөр замын трассын дагуу Монгол улсын зургаан аймгийн нутаг дэвсгэрээр дамжуулахад саадгүй гэдгийг баталгаажуулсан. Ингэснээр төсөл бодитойгоор хэрэгжих шатанд орлоо гэж ойлгож болно.

-Байгалийн хийн хоолойн төсөл хэрэгжсэнээр Монгол улсад үзүүлэх давуу тал юу байх вэ?

-Монгол улсад эдийн засаг, нийгмийн, бүс нутгийн хамтын ажиллагааны гээд олон талын эерэг үр дүнгүүд гарна. Энэхүү байгалийн хийн хоолойн төсөл хэрэгжсэнээр Монгол улс болон ОХУ, БНХАУ хоорондын харилцан ашигтай, тогтвортой хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах том бүтээн байгуулалт болно. Үүнээс гадна бид бүс нутгийн хэмжээний эдийн засгийн томоохон тоглогчдын нэг болж байна гэж хэлж болох юм. Хамгийн чухал нь байгалийн хийн хоолойг дагаж манай улсад маш олон бүтээн байгуулалтууд өрнөж, үүнийг дагаад ажлын байр бий болно. Цаашлаад энэ салбарт боловсон хүчин, хүний нөөц бэлтгэх бааз суурь тавигдаж байна гэж харж байна. Байгалийн хийн хоолойн төсөл манай улсад хэрэгжсэнээр Монгол Улсын төсвийн орлого нэмэгдэж, төсвөөр дамжуулан санхүүжих улс орны дунд, урт хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх нэмэлт эх үүсвэр бий болох юм.

-Бүтээн байгуулалтын ажилд Монголын талаас оролцох ажиллах хүчний тооцоолол гарсан уу? Энэ салбарт ажиллах боловсон хүчний нөөцийг хэрхэн бэлтгэх вэ?

-Төслийн барилгын ажлын явцад 10 гаруй мянган ажлын байр бий болно гэж үзэж байна. ТЭЗҮ-д туссанаар хийн шахуургын 5 станц байгуулах юм. Тус тусдаа бие даасан хийн цахилгаан станцуудаар өөрсдийн эрчим хүчний хэрэгцээгээ хангана. Жилдээ 50 тэрбум шоо метр хийг дамжуулах төсөл хэрэгжсэнээр манай улсад технологи инновацын шийдлүүд нутагшиж үлдэнэ. Тиймээс бид энэ салбарт урт хугацаанд тогтвортой ажиллах хүний нөөц бэлтгэх чиглэлээр мэргэжилтнүүдийг сургах, мэргэшүүлэх, дадлагажуулахад анхаарч ажиллах шаардлагатай байна. Нарийн технологитой, манай улсад хэрэгжиж байгаагүй том төсөл учраас гол мэргэжилтнүүд нь эхний ээлжид ОХУ болон олон улсаас ирж ажиллана. Бид дотоодын боловсон хүчнээ бэлтгэх ажлаа давхар эхлүүлж байгаа. Ашиглалтын үед байнгын 1000 гаруй ажилтан ажиллах учир дотоодын мэргэжилтнүүдээ ОХУ-ын нефть, байгалийн хийн чиглэлийн сургуулиудад сургах, сургагч багш нарыг урьж авчран газар дээр нь дадлагажуулах, дотоодын их дээд, мэргэжлийн сургуулиудтай хамтран боловсон хүчин бэлтгэх гэх мэт ажлуудыг хийнэ.  

-Бүтээн байгуулалтын ажил хэдэн оноос идэвхтэй хийгдэх вэ?

-2021 оны 3 дугаар сард ТЭЗҮ боловсруулах ажлын даалгавар батлагдсанаас хойш 10 сарын дотор ТЭЗҮ-ээ бэлэн болгож 2022 оны нэгдүгээр сард эцэслэн хоёр тал протоколд гарын үсэг зурж, дараагийн шат буюу төслийг бодитоор хэрэгжүүлэх үндсэн бэлтгэл ажилдаа орлоо гэдгийг албажуулсан. Энэ төсөл маань цар тахлын хүнд нөхцөл байдлаас үл хамааран харьцангуй хурдтай хэрэгжиж байна гэж үзэж болно. Бид 2022-2024 онд нарийвчилсан зураг төсөл, инженерийн ажлуудыг хийж гүйцэтгэх, боловсон хүчин, тоног төхөөрөмж, техник хэрэгслээ базаах зэрэг бүтээн байгуулалтын бүх бэлтгэлээ хангана. Ингээд урьдчилсан байдлаар 2024 оноос барилгын ажил эхлэн 2028 он гэхэд хийн хоолой бүрэн ашиглалтад орно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Байгалийн хийн хоолой манай нутгаар хэдэн км үргэлжлэх вэ?

-ТЭЗҮ-ийн урьдчилсан судалгаагаар 970 орчим км урт хоолой манай улсын 6 аймаг, 22 сумын нутгаар дамжин тавигдана. Инженерийн нарийвчилсан судалгаа, зураг төслийн ажлын явцад тооцооллууд нарийн тодорхой болно.

-Хоолойг дамжуулах зурвас 6 аймгийн нутгаар дайран өнгөрөх тухай дээр дурдсан. Энэ хоолой ил байх уу, далд байх уу?

-Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь аймгуудын 22 сумын нутгаар дамжих байгалийн хий дамжуулах хоолойн төсөл хэрэгжүүлж байгаа ОХУ-ын “Газпром” НХН-ийн мэргэжилтнүүд манай орны онцлогийг харгалзан ТЭЗҮ-ийг боловсруулсан. Нэгдүгээрт манай улс мал аж ахуйн орон, хоёрдугаарт говь хээрийн нутгаараа их хэмжээний зэрлэг ан амьтан тэр дотроо цагаан зээр олноороо нүүдэллэн амьдардаг. Таван хошуу мал болоод зэрлэг ан амьтад чөлөөтэй нутаг орноо сэлгэж байх ёстой гэдэг үүднээс байгалийн хийн хоолойг газар доогуур 1,5-1,8 метрийн гүнд тавина. Маршрутын дагууд 5 хийн шахуургын станц барихаар урьдчилсан байдлаар тооцоолж байгаа.  Хамгаалалтын зурвасын өргөн нь 800 метр буюу 2 тал тус бүрдээ 400 метрийн өргөнтэй байна. Даралт нь 11,8 мегапаскаль, хийн хоолойн диаметр 1420 мм-ийн өргөнтэй, бүрэн хүчин чадал нь жилдээ 50 тэрбум шоо метр байна.  

-Манай улсад энэ салбар шинэ. Энэ төсөл цаашид манай улсад хэдэн жил үр өгөөжөө өгөх вэ?

-Газар зүйн хувьд олон тооны даваа нугачааг давж, янз бүрийн төвэгтэй байршлыг дамжин ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр 4000 км, манай улсын нутаг дэвсгэр дээгүүр 970 орчим км үргэлжлэх дэлхийн хэмжээний том бүтээн байгуулалтын төсөл учир зуун жилээр тогтохгүй хамтын ажиллагаа гэж ойлгож болно. Их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж, нүсэр том бүтээн байгуулалтын ажил явагдана. Бэлтгэл ажлуудыг бүрэн гүйцэтгэсний дараа хөрөнгө оруулалтын хэмжээ, зардлын тооцоо нарийвчлан гарна. Энэхүү байгалийн хийн хоолой нь оролцогч бүх талуудад үр өгөөжтэй, урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэх бүтээн байгуулалт болно гэдэгт монголын тал итгэл дүүрэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634795
0 эможи

keyboard_arrow_up