ТАНИЛЦ: Хөгжлийн банкны удирдлагаар ажиллаж байсан ХЭН ХЭНИЙГ ХОРИВ?
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс одоогийн байдлаар Хөгжлийн банкны удирдлагаар ажиллаж байсан зургаан хүнийг цагдан хориод байна.
Тухайлбал,
- Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаяр
- Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга Д.Дэлгэрсайхан
- Хөгжлийн банкны зээлийн хорооны гишүүн тус банкны дэд захирал бөгөөд төслийн санхүүжилт зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяр
- Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуу
- Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар
- Хөгжлийн банкны тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Энхбат нарыг тус тус цагдан хорьжээ.
Энэ талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Д.Баяржаргал "Хөгжлийн Банктай холбоотой нийслэлийн прокурорын газраас нэр бүхий 12 хүнд холбогдох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирсэн.
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг саналыг хүлээж аваад өнөөдрийн байдлаар нийт 10 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Б.Батбаяр, Ч.Мөнхбаяр, А.Ариунболд, Б.Чойжилжалбуу, Б.Шинэбаатар, Ч.Энхбат, Ц.Баатарбилэг, Ц.Ууганбаяр, Д.Дэлгэрсайхан эдгээр хүмүүст яллагдагчаар татах, таслан сэргийлэх арга хэмжээг шүүх аваад байна.
Б.Мөнхтөрд холбогдох шүүх хурал өнөөдөр товлогдсон. Н.Мөнхбатад холбогдох яллагдагчаар татах, таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирсэн боловч шүүх хуралдааны явцад өчигдөр яллагдагч Н.Мөнхбатын өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчид дахин татгалзсан. Уг асуудлыг тухайн дүүргийн ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түр хойшилсон." гэв.