А.Эрдэнэтуул: Тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ажилтан бүрийнхээ хүсэлд нийцүүлэн карьерь хөгжүүлэлтийг нь дэмжиж ажилладаг
Манай байгууллага нь 2014 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр шинээр үүсгэн байгуулагдсан. Өдгөө нийслэл Улаанбаатар хотынхоо баруун бүсийн нутаг дэвсгэрт байрлах ус, дулаан дамжуулах хэсгийн дотор болон гадна шугам сүлжээг хариуцан ажилладаг. Анх 147 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бол өдгөө 192 ажилтантай өнөр бүл болсон байна. Ажилтнуудын маань 80 хувь нь мэргэжлийн боловсон хүчин Машинист, Гагнуурчин, Цахилгаанчин, инженер техникийн ажилтан байдаг.
Бидний ажлын онцлогоос шалтгаалж нийт ажилтнуудын ердөө 10 хувийг эмэгтэй ажилтан эзэлдэг. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан бид ээлжийн ажилтнуудын ачааллыг бууруулж орон тоог нэмэгдүүлсэн. Ингэснээр манай байгууллагын хэмжээнд 120 машинист ус, дулаан дамжуулах 55, Хэрэглэгчдэд үйлчлэх зургаан төвд тэгш хуваарилагдан ажиллаж байна.
Манай хамт олон хотын баруун захын Орбит, Буман-Өлзий хорооллоос баруун дөрвөн зам хүртэлх нутаг дэвсгэрийн бүхий л орон сууц, аж ахуй нэгж байгууллагуудыг ус, дулаан, шугам сүлжээг хариуцан ажилладаг. Бид хүний нөөцийн бодлогын чиглэлээр 2022 онд ажилтнуудынхаа хөдөлмөрлөх эрхийг хангаж ажиллахаас гадна, ажилтан бүр байгууллагынхаа эд эс ширхэгт шингэж, өөрийн ажилдаа чин сэтгэлээсээ хандаж ажиллахыг уриалдаг. Ингэснээр байгууллагын дотоод уур амьсгалд эерэгээр нөлөөлж тухайн ажилтны маань хөдөлмөрлөх таатай нөхцөл нь бүрддэг юм. Энэ нь хүний нөөцийн хувьд тогтвортой байхад нөлөөлдөг. Удирдлагуудын зүгээс ажилдаа эерэг хандлагатай бүтээлч байдаг ажилтнуудынхаа үр дүнд суурилсан урамшууллыг тогтмол олгодог. Үүний зэрэгцээ өөрийн байгууллагадаа тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ажилтан бүрийнхээ хүсэлд нийцүүлэн карьерь хөгжүүлэлтийг нь дэмжиж ажилладаг.
Тухайлбал машинистаар ажиллах явцдаа инженерээр суралцаж байгаа ажилтнуудынхаа өсөж хөгжих, дэвших хүсэлтийг үргэлж дэмжих бодлого баримтлан ажилладаг нь манай байгууллагын хүний нөөцийг тогтвортой байлгахад түлхэц үзүүлдэг. Энэ бодлогынхоо хүрээнд бид нийслэл хотын баруун бүсийн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээг хоногийн 24 цагийн турш тасралтгүй хүргэж ажилладаг юм.