Г.Очмаа: Германд хатуу хэрэгждэг хоёр зүйл бол цаг барих, хуулиа мөрдөх
ХБНГУ-ын Бавари мужийн нийслэл Мюнхентэй залгаа Грэйфелфинг хотын Иргэдийн Хурлын төлөөлөгч Г.Очмаатай ярилцлаа. Монгол Улсын иргэн тэрбээр герман хэлээр ярьдаг (Герман, Австри, Швейцарь) улс, орнуудад шүүхийн аман болон бичгийн итгэмжлэгдсэн орчуулагч, соёлын орчуулагч хийхийн зэрэгцээ Европын хамгийн том аяллын машин караваны кампанийн захиргаанд ажилладаг. Мөн Герман-Монголын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч албыг хашиж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд ардын дипломатын үүргийг гүйцэтгэж байна.
ХБНГУ-ын экс канцлер, хатагтай А. Меркелтэй намын их хурал дээр.
-Хилийн чинад дахь манлайлагч монгол эмэгтэйчүүдийн нэг, Германы улс төрд анхны“мандат” авсан монгол бүсгүйн сураг 2020 онд дуулдсан ч дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй. Иймд та манай уншигчдад өөрийнхөө тухай танилцуулна уу?
-Намайг Гөйбелийн Очмаа гэдэг.”Усыг нь уувал ёсыг нь дага” гэгчээр ханьтайгаа гэрлээд овгийг нь авсан юм. Би Улаанбаатар хотод төрж, өссөн.
31 дүгээр дунд сургуулийн аравдугаар ангийг төгсч, МУИС-ийн Олон улсын харилцааны их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг тус тус дүүргэн 2011онд ХБНГУ-д магистрт сурах зорилгоор номын мөр хөөн Бавари мужийн нийслэл Мюнхенд ирээд улмаар сууршин амьдраад 11 жил өнгөрч байна.Үндсэн ажил маань Европын хамгийн том аяллын машин караваны кампанийн захиргаанд худалдаа, эдийн засгийн ажилтнаар ажилладаг. Өмнө нь Шмидбауер компанийн маркетингийн хэлтэст мэргэжлээрээ /олон улсын харилцаа/ ажиллаж байсан. Үүний зэрэгцээ герман хэлээр ярьдаг (Герман, Австри, Швейцарь) улс орнуудад аман болон бичгийн шүүхийн итгэмжлэгдсэн орчуулагч хийдэг. 2020 оны гуравдугаар сард ХБНГУ-ын Бавари мужийн орон нутгийн сонгуульд ЦСҮ намаас нэр дэвшиж, Мюнхен хоттой хиллэдэг Грэйфелфинг хотын Иргэдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Манайх хоёр хүү, нэг охинтой. Гэр бүлийн хүн маань Мюнхений тойргийн бүсийн амбан захирагчаар хоёр дахь удаагаа сонгогдон бүрэн эрхээ хэрэгжүүлж байна.
-Германы Иргэдийн Хурлын сонгуулийн онцлог, төлөөлөгчдийн эрх үүрэг ямар байдаг талаар сонирхож болох уу?
-Германы муж улсуудын орон нутгийн сонгуулийн хугацаа янз бүр. Берлин, Хессен мужуудад тав таван жилээр сонгууль болдог бол Бавари мужийн орон нутгийн сонгууль нь зургаан жилийн зайтай явагддаг. Орон нутгийн сонгуулийг германаар Коммуналваал (Kommunalwahl) гэж нэрлэдэг. Харин сонгогдсон Иргэдийн Хурлын Төлөөлөгчийг Gemeinderat/rдtin гэж нэрлэнэ. Бавари мужид аливаа тосгон, хот, сууринд Иргэдийн Хурлын Төлөөлөгчийг тухайн тосгон болон хотын ард иргэдээс сонгогдсоны дараа Засаг дарга нь хүлээн авч хууль болон төрийн өмнө тангараг өргүүлдэг. Түүний дараа Иргэдийн Хурлын нийт Төлөөлөгчдийн мэдээллийг холбогдох хаягтай нь тухайн хотын Засаг даргын тамгын газрын цахим сайтад ил тод байршуулдаг. Миний сонгогдсон Грэйфелфинг хот 14 мянган хүн амтай. Орон нутгийн сонгуульд FDP, IGG, BVGL, SPD, Gruene, CSU гэсэн нийт зургаан намаас тус бүр 24 хүн Иргэдийн Хуралд нэр дэвшиж, нийт 144 хүн өрсөлдсөнөөс миний бие 3380 хүний санал авч Засаг даргын дараа оноогоороо эрэмбэлэгдсэн. Олон хүний итгэлийг авч хариуцлагатай албанд ажиллах болсондоо баяртай байна.
Цагаан сарын баяраар
-Таны гэр бүлийн хүн ямар мэргэжилтэй вэ?
-Хань маань Мюхнен хотын Людвиг Максимилиан их сургуульд хуулийн чиглэлээр суралцаж төгсөөд дараа нь Спаяарын захиргааны их сургуулийг дүүргэсэн. Төрийн албан хаагчаар тасралтгүй 19 жил ажиллаж байна. Урд нь Засаг даргын тамгын газар, хотын захиргаанд ажиллаж байсан, одоо Мюхнений тойргийн захиргаа, улсын байгууллагуудыг удирдаж байна. Мюнхений тойргийн захиргаа нь хотынхоо төвд байршилтай, 1700-д ажилтантай, дотроо Хүүхэд, залуучуудын эрхийг хамгаалах байгууллага, Гадаадын иргэдийг хариуцсан байгууллага, Эрүүл мэндийг алба, машины дугаар, жолооны үнэмлэхийг ч олгодог хөдөлмөрийн бирж гэх мэт олон байгууллага нэг дээвэр дор үйл ажиллагаа явуулдаг. Хань маань улсад бүртгэлтэй өмгөөлөгч, харин би герман-монгол хэлний ам болон бичгийн орчуулагч. Бид энэ ажлаа хувийн оффистоо, ингэхдээ улсад албан ёсны бүртгэлтэйгээр эрхлэн явуулдаг.
-Ноён Гөйбел төвөөс алслагдсан жижиг хот, суурингийн иргэдэд дөт байлгах үүднээс хотынхоо захыг бүтэн тойрсон эксперс автобусны чиглэлийг батлуулж хэрэгжүүлсэн улстөрч юм билээ. Тэр талаар асууж болох уу?
- Миний хань 2014 онд болсон ”Баварийн Орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөр”-т олон том асуудлыг тусгаснаар иргэдэд нийтийн тээврийн чиглэл хардаг хуваарийг ойлгоход амар болгох, үнийн хувьд хямд тарифтай болгох, метроны билетыг автоматаас авахад ялангуяа хөгшчүүд, гадаад хүмүүст хялбар ойлгомжтой болгох зэргээр шинэчилсэн системд оруулах байв. Сонгуульд ялсны дараа Мюнхентэй ойролцоо, тойргийн бүстэй хил залгадаг нэг ёсондоо хотын төвөөс нийтийн тээврээр явж хүрдэг алслагдсан газар нутгийн захирагч нарыг нэгтгэн энэ асуудлыг ярьж, хэдэн жил дараалан хэлэлцээр хийж байж Тарифийн шинэчлэл хийж чадсан. Нийтийн тээврийн компани хувьчлагдсан тул олох орлогоо бодож, хэлэлцээр хийхэд хүндрэлтэй байсан ч амжилттай гүйцэтгэсэн. Бавари мужийг ялангуяа чинээлэг, өртөг өндөртэй Мюнхен хотоор нь хүмүүс сайн мэддэг. Энэ байдал нь тэтгэвэр бага авдаг хөшчүүд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, өрх толгойлсон ганц бие хүмүүс, хүүхэд, залуучуудад их ярвигтай. Иймээс арван жилийн сурагчид, хүүхэд залуучуудын жилийн билетийн үнийг 365 евро болж бууруулсан, өөрөөр хэлбэл хүүхэд залуучууд жилийн хүчинтэй билетийн хугацаандаа өдөрт нэг еврогоор Мюнхений зүүн хязгаараас баруун хязгаар хүртэл хязгаарлалт, тарифт баригдахгүйгээр нийтийн тээврийн олон зонд өдөрт нэг еврогоор хэдэн ч удаа, хязгааргүй явах боломжийг олгосон.
-Монголчууд санаа авах техник, технологийн шинэ дэвшлүүдээс хуваалцахгүй юу?
-Ханийн маань хэрэгжүүлж байгаа өөр нэг шинэлэг ажил бол устөрөгчийг нэвтрүүлэн хэвшүүлэхийг зорьж байна. Ер нь бол устөрөгчийг ихэвчлэн байгалийн хий болон нүүрс буюу шатах түлшнээс гарган авч, устөрөгчөөс хамааралтай үйлдвэрлэлд химийн урвалд оруулах гэх мэт тодорхой нөхцөлд ашигладаг байсан юм билээ. Өнөөгийн байдлаар ч устөрөгчийн 96 хувийг нүүрстөрөгчийн өөр өөр агууламжтай шатах түлшний төрлүүдээс гарган авч байна. Устөрөгчийг үйлдвэрлэх эрчим хүчний эх үүсвэр болон арга замаас нь хамааруулан ихэвчлэн саарал, цэнхэр, ногоон-цэнхэр болон ногоон гэж ангилдаг юм байна лээ. Хэрэглээнээс хамааран устөрөгчийг шууд хэрэглэх эсвэл бусад энергийн хэлбэрт хувиргаж болно. Шууд хэрэглээ гэдэг нь хэрэгцээ шаардлага үүссэн үед устөрөгчийг түлшний элементэд нийлүүлж цахилгаан үйлдвэрлэхийг хэлнэ. Устөрөгчийг мөн үйлдвэрлэлийн процесст түүхий эд болгон шууд ашигладаг. Түүнчлэн, бусад өөр төрлийн процессуудын тусламжтайгаар нүүрстөрөгчийг (ихэвчлэн CO2) оролтод ашиглан, устөрөгчөөр нийлэг (шатах) түлш үйлдвэрлэж, улмаар авто тээврийн салбарт уламжлалт шатах түлшийг орлуулан ашиглаж болно. Үүгээрээ хань маань өөрийн хариуцаж байгаа Мюнхений тойргийн бүсийн нутгийг авто тээврийн салбарт уламжлалт шатах түлшийг орлуулан ашиглах технологийг нэвтрүүлж, тайлангаа “Холбооны” хэмжээнд өрсөлдсөн уралдаанд явуулсан юм. Хөрш залгаа оршдог Эберсберг бүс нутаг хамтарч ажилласан мэт бичиж илгээн хэсэг хугацааны дараа төсөл шалгарч холбооны хэмжээнд шилдэг “Устөрөгч”-ийг нэвтрүүлэгч бүс гэсэн шагнал авч байлаа. Харин шагнал авах ёслолд нөгөө бүсийнхээ захирагчийг явуулчихаад, өөрийн олон удаа хойшлуулсан чухал хэлэлцээрт оролцохгүй бол болохгүй гээд үлдэхэд нь “Чи минь явахгүй дээ, хүнд бэлэн хоол өгөөд, өөрөө яг тулж хийсэн ажлынхаа шагналыг ядаж цуг авахгүй” гэхэд “Би заавал очиж шагнал авч байгаагаар сонин хэвлэлд гарах шаардлагагүй, хүмүүс мэдэж байгаа” гээд хариуцлагатай ажлаа бодон үлдэж байсан удаатай. Ханийхаа энгийн, хүнлэг, нөхөрсөг мятрашгүй, даруу занг хараад хувь хүний талаас бахархаж, огшиж байсан мөч олон бий. Манай хүн миний хийж байгаа олон нийтийн ажлууд, Монголоо гэсэн цалингүй атал маш их цаг зав шаардсан ажлыг “боль” гэж хэзээ ч хэлдэггүй. Монголын уран бүтээлчдийг оролцуулсан соёлын арга хэмжээ, бэлтгэл ажлыг шөнөөр, хар үүрээр хүүхдүүд унтсан, унтаж байх үед эсвэл сэрэхээс нь өмнө амжуулна. Хөтөлбөр гаргах, дизайныг нь хийх, нээлтийн үг бичээд суухад балчир үрс минь уйлах тохиол гарна, манай хүн “Миний Эрдэнэ ээ, ажлаа хийгээд дуусчих, би хүүхдүүд ээ авч байя” гээд намайг чөлөөтэй ажиллуулж чаддагт талархдаг. Монголын соёлыг дээдэлж явдагт, үр хүүхдүүддээ сайн эцэг байж чаддагт нь баярладаг даа. Нэг удаа олон улсын баярын нээлтэнд үг хэлэх ёстой байсан юм, том хүүгээ дээлийг нь өмсүүлээд дагуулаад явлаа. Хүү минь тэр үед гурван настай байсан юм. Үг хэлэхийн өмнөхөн хүү ядраад унтаад өгч л дээ, эхний эгнээнд сууж байсан манай хүн хүүгээ тэврээд тайзан гарч үгээ хэлж, маргааш нь “Хүү нь унтав, аав үгээ хэлэв” гэсэн нийтлэл сонин дээр гарч билээ. Миний хань ер нь их ноён нуруутай, хээгүй бас монголд элэгтэй хүн дээ. Ээжийн минь оёж өгсөн дээл, хантаазыг “Цагаан сар”, наадам, Монголын соёлын арга хэмжээнд өмсөх их дуртай. Ер нь бид хоёр Баварийн болоод Монголын үндэсний хувцас аль алинг нь өмсөх дуртай. Ээжийн минь оёсон дээл энд мода болж хүмүүсийн нүдийг их хужирладаг даа.
2020 оны гуравдугаар сар. Баварийн орон нутгийн сонгуульд ялж ИТХ-ын гишүүнээр албан ёсоор Германы төр болон хуулийн өмнө тангараг өргөх ёслол, хөл хүнд байсан үе.
-Германы улс төрийн тогоонд гэр бүлээрээ “буцалж” явна. Тэндхийн улс төрийн соёлоос монголчууд юуг нь суралцаасай гэх бол?
-Хамгийн ойроос харж, мэдэрч байгаагаа л хэлье. Ханийн минь баримталдаг зарчим маш гоё. Тэр нь юу вэ гэвэл маш үнэнч, хүлээцтэй, дайчин, шударга мөн шаргуу зан нь таалагддаг. Сонсоход байдаг л зүйл шиг атал энэ зан чанар нь амьдралд олон тал дээр тустай байдаг. Хүн бүхний мэддэг хоёр чухал зүйл энд хэрэгждэг. Нэгдүгээрт, цаг сайн барих, цагийн хуваарлилтыг маш сайн мөрддөг. Хоёрдугаарт, бүх асуудал хуулийн хүрээнд, хуулийн дагуу явагддаг. Германд хууль хатуу, энэ нь маш чухал гэж би боддог. Жишээ нь, энд газар аваад байшин бариуллаа гэхэд тухайн дүүрэг, гудамжинд барилга барих тухай хуульд заасан хатуу дүрэмтэй. Тэр гудамжинд барилга байшин барих стандарт, өнгө загвар нэгэн ижил байх ёстой. Өөр загвартай байшин бариулахыг хүсч өргөдөл гаргалаа ч өөрчлөгдөхгүй, хуульд заасны дагуу л бүх зүйл явна.
-Та олон ажлыг хэрхэн зэрэг амжуулдаг вэ?
-Би дөрвөн хананы дунд өмнөө бичиг цаас овоолчихоод эсвэл компьютерийн өмнө дуугүйхэн суугаад нийгмээс тасарч ганцаараа ажиллах дүргүй. Маркетингийн болон захиргааны албанд ажиллах нь бүтээлч (creative) занг өдөөж өгдөг болохоор энэ салбарт ажиллах дуртай. Эрхлэж буй үндсэн ажлаас гадна Германы CSU-( ЦСҮ) намын ИТХ-ын Төлөөлөгчийн хувьд, мөн амьдарч байгаа хотынхоо ЦСҮ намын Эмэгтэйчүүдийн Холбооны даргын хувьд ард иргэдтэй болон бусад намын төлөөлөлтэй уулзах зайлшгүй шаардлага гардаг. Би хоёр ч байнгын хороонд харъяалагддаг. Нэг нь Нийгмийн бодлогын, нөгөө нь Барилга байгууламжийн байнгын хороо. Мөн ЦСҮ намын эмэгтэйчүүдийн Мюнхэний тойргийн бүсийн холбоонд удирдах зөвлөлийн гишүүний сонгуульт ажилтай. Өөрийн амьдардаг хотод намынхаа эмэгтэйчүүдийн холбооны даргаар 2019 оны гуравдугаар сард сонгогдож, одоог хүртэл ажиллаж байна. 2018 онд Герман–Монголын нийгэмлэг” ТББ намайг “Манай нийгэмлэгт орж ажиллаач” гэж урьж, би саналыг хүлээн авсан. Гишүүдийн дунд явуулсан хурал, сонгуулиар дэд ерөнхийлөгчөөр нь сонгогдон өнөөг хүртэл ажиллаж байна. Манай ТББ бол ХБНГУ-д хоёр улсын хамтын үйл ажиллагааны асуудал эрхэлсэн хамгийн ууган байгууллага, бусад холбоо, ТББ-уудаас хамгийн том нь юм. Ирэх жил нийгэмлэгийн маань үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой тохионо. Миний хувьд аливаа олон нийтийн болоод өөрийн эрхэлж байгаа ажил, гэр бүл, үр хүүхэддээ цаг гаргаад зогсохгүй түүнийхээ хажуугаар нийгэмлэгийнхээ бүхий л ажилд оролцож ирсэн. Ялангуяа бага насны хүүхэдтэй хүнд энэ бүхэн тийм ч амар биш. Гэхдээ ээж хүний хувьд хүүхдүүддээ цаг гаргаж, тэднийгээ халамжилж, болж өгвөл хамт байхыг чухалчилдаг. Хүүхдүүдээ өөрсдийн аж төрж буй (Герман, Швейцарь) улсын соёл, ёс заншил суралцуулахаас гадна өөр нэг чухал зүйл нь монгол ахуй, соёл уламжлал, ёс заншил, эх хэлээ зааж сургахыг хичээдэг. Төрсөн эх орныхоо төлөө том бага гэлтгүй сайхныг бодож, сайн үйлс бүтээхийн төлөө зүтгэж байдаг даа. Өнгөрсөн хугацаанд ХБНГУ-ыг зорьж ирсэн олон уран бутээлчдийг энд амьдарч байгаа хот, муж улсдаа эерэгээр таниулах, Монголынхоо өв соёлыг сурталчлах ажлыг зохион байгуулахад монголчуудтайгаа хамтран ажиллая, дэмжье гэж зүтгэсээр ирлээ. Угаасаа миний үндсэн мэргэжил олон улсын харилцаа болохоор хоёр улсын харилцааны соёлын салбар мэргэжлийн хувьд ч ойр, энэ чиглэлээр ажиллах их дуртай.
-Тухайлбал?
-“Чингис хаан” одонт “The Hu” хамтлагийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын гавьяат жүжигчин, продюсер Б.Дашдондогийн тоглолтууд, нэрт зохиолч Ч.Галсан гуайн уран зохиолын үдэш, кино найруулагч Д.Бямбасүрэнгийн “Монголоор амьсгалсан миний Монгол” илтгэл, Баварийн алаг үхрийн үрийг Монголд нутагшуулах хүмүүнлэгийн хандив, “Сэдаа” хамтлагийн морин хуурч П.Наранбаатарын монгол соёлын үдэш, зураач Б.Борхүү гуайн уран зургийн үзэсгэлэн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд болон албаны бусад хүмүүсийн газрын гүний дулааныг ашиглан цахилгаан гаргаж авч буй тухай туршлага судалгааны уулзалт, (ер нь Монголоос олон кампани, яамдаас туршлага судлах гэж холбогддог/ зэрэг Монгол руу хандсан монгол соёлыг Германд түгээх ажлуудыг амжилттай зохион байгууллаа. Мөн Монголд Германы “Хадгаламжийн банк”-ны салбарыг оруулахад анхны уулзалтуудыг хийж, суурийг нь тавьж өгч холбох зэргээр олон нийтийн эрх ашгийн төлөө сэтгэл зүтгэл гаргасан ажлуудыг нэрлэж болно. Аливаа улс орны хөгжилд хувь хүний оролцоо, сэтгэл зүтгэл хэрэгтэй гэж би боддог юм. Монгол Улс минь хөгжлөөрөө, залуус, хойч үе маань мэдлэг боловсрол, сурсан мэдсэнээрээ улам хүчирхэг болно гэдэгт би итгэдэг.
-Монголын хөгжлийн гарцын тухайд ямар бодолтой байдгаа хуваалцана уу?
-Улс маань үйлдвэр баривал анхнаасаа ногоон дэлхийгээ хайрласан дэвшилтэт технологитой, сэргээх эрчим хүч ашигласан шинэлэг шийдлээр барьж байгуулах хэрэгтэй. Ажлын байр нэмэгдсэнээр иргэд ажилтай болж, амьдрал нь дээшилнэ. Хүмүүс завгүй байвал бусармаг зүйл ч бага гарч, цаашлаад өөр өөрсдийгөө хөгжүүлж боловсроод явна. Сайн ажиллаж байгаа хүнээ байгууллагууд урамшуулаад явахад ажилчид нь эрхэлсэн ажилдаа дуртай, тогтвортой ажиллана. Гадны, дэлхийн том компаниудын салбарыг Монголд нээж, нутагшуулах Швейцарын жишээг хэрэгжүүлж ч болно шүү дээ. Үйлдвэр байхгүйн улмаас бид гаднаас маш их бүтээгдэхүүнийг өндөр үнээр авч байна. Үйлдвэрлэгч /эскпортлогч/ орон болж, дотооддоо хэрэгцээгээ хангаад зогсохгүй Америк, Хятад, Герман шиг томоохон экспортлогчидтой мөр зэрэгцэж яваасай гэж би мөрөөддөг. Мэдээж энэ бүх бүтээн байгуулалтыг бий болгож хэрэгжүүлэхэд хугацаа орно. Сэргээгдэх эрчим хүч гаргаж авдаг станц, төхөөрөмжтэй болох хэрэгтэй байна. Монголд салхи нь, нар нь, газрын гүний дулаан нь байна. Ярих биш, хийх л хэрэгтэй.
-ХБНГУ-д хэчнээн монгол хүн ажиллаж, амьдарч байгаа вэ?
-6200 орчим гэсэн статистик мэдээ бий. Энд хараар ажилладаг хүнийг би лав сонсоогүй, ганц нэг цагаачилж ирсэн хүмүүс байдаг гэсэн. Гэхдээ Германд амьдарч байгаа дийлэнх монголчууд бүгд сурсан, эзэмшсэн мэргэжлээрээ олон салбарт ажиллаж байна. Монголчууд бидэнд авах зүйл их шүү дээ. Тухайн амьдарч буй газартаа хэлийг нь хурдан сурна, хурдан дасан зохицдог, ажилд махруу гээд сайн зан чанар олон.
-Монгол хүүхдүүдийн эх хэлний боловсролд хэр анхаарч байна?
-Сүүлийн жилүүдэд том хотуудад монгол сургууль байгуулагдаж хүүхдүүд Германы боловсролын сургуулийн хажуугаар эх хэлээ танхимаар болон цахимаар өргөнөөр сурч байна. Монгол бүсгүйчүүд дэлхийн өнцөг булан, олон хотоос нэгдээд эх хэлээ цахимаар зааж эхлээд байна.
-Цар тахлын жилүүдэд олон нийтийн ажил болон соёлын ажил ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулж амжив уу?
-Баварийн Засгийн газар 2020 оны орон нутгийн сонгуулийн өмнө анхны хатуу хөл хорио тавьсан. Сонгуулийн дараа өөрийн удирдаж байгаа Грэйфелфинг хотынхоо ЦСҮ намын Эмэгтэйчүүдийн холбооны хүрээнд ахмадын асрамжийн газар, дунд болон бага сургууль, хүүхдийн асрамжийн газруудад маск хандивлах хүмүүнлэгийн ажил зохион байгуулсан. Covid-19-ийн эхэн үед маскны хомсдол хаа сайгүй байлаа.
Тэр үед хоёр хүүгээ ээждээ харуулчихаад, хөл хүнд байсан ч эдгээр ажлыг амжуулсан. Шат дараатай олон хатуу хөл хорио тавигдсан ч тухайн үеийн мөрдөх ёстой дүрмийг баримтлахын зэрэгцээ Грэйфелфинг хотын ЦСҮ намын Эмэгтэйчүүдийн холбооны хүрээнд уламжлал болсон үйсэн бөглөө цуглуулах аяныг сүүлийн хоёр жил таслалгүй явууллаа. Үйсэн бөглөөг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асрамжийн газарт явуулж, тэд дахин боловсруулаад зарж, орлого олдог юм. Мөн түрүү жилийн аравдугаар сарын 12-нд Грэйфелфинг хотод Д.Тэрбишдагва гуайн номын танилцуулага/ соёлын арга хэмжээ, түүний дараахан Герман-Монголын нийгэмлэгийн жилийн хурлыг Берлинтэй залгаа оршдог Шөнефелдэд зохион байгуулсан.
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин