Морь дагаж явсан автомашин осолдож, нэг иргэн нас баржээ
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл онхолдож хүн нас барсан гэсэн дуудлага мэдээлэл энэ оны 02-р сарын 13-ны өдрийн 16:42 цагт цагдаагийн байгууллагад ирсэн.
Тухайн осол нь тус сумын 2-р баг “Хонгорын элс” гэх газарт гарсан бөгөөд суудлын хэрэгсэл онхолдож, зорчиж явсан нэг иргэн нас барж, жолоочоос гадна 1 иргэн биедээ гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн хэргийг Дорноговь аймаг дах цагдаагийн газрын Замын Үүд сум дах сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Урьдчилсан байдлаар хэсэг, бүлгээрээ малчид сунгаа хийж морьд дагаж яваад онхолдсон гэх мэдээлэл байгаа бөгөөд шалгалтын ажиллагаа явагдаж байна. Энэ нь албан ёсны зөвшөөрөлтэй үйл ажиллагаа биш. Дулааны улирал эхэлж байгаатай холбоотой малчид уралдааны морио хөлслөх, үсэргээ, сунгаа хийхдээ автомашин, мотоциклоор дагах явдал нэлээдгүй гардаг тул зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.