Чехэд суугаа монгол иргэдийн жолооны үнэмлэхийг цуцалж болзошгүйг анхаарууллаа
Монголын иргэдэд Чех улсын жолооны үнэмлэх олгохдоо шинэчилсэн жолооны үнэмлэхийг үндэслэн буюу курст сууж, шалгалт авахгүйгээр олгодог. Харин монголчууд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодох, замын тэмдэг, тэмдэглэгээ зөрчих, хурд хэтрүүлэх зэрэг зөрчил гаргах болсон тул Чехийн тал монгол иргэдийг жолооны курсэд суулгахгүй үнэмлэх олгох ажлаа зогсоох талаар хөндөж эхэлжээ.
Энэ талаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд "Жолооны үнэмлэх харилцан зөвшөөрөх асуудлаар манай тал хүчин чармайлт тавьж ажилласны үр дүнд айлын тал хүлээн авсан. Манай иргэд ч энэ давуу талыг ашиглан олноороо жолооны үнэмлэх авч байна. Гагцхүү Чехийн жолооны үнэмлэх авсан монгол иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр автомашин жолоодохтой холбоотой зөрчил өсжээ. Үүнд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодох, замын тэмдэг, тэмдэглэгээ зөрчих, хурд хэтрүүлэх зэрэг 100 хувь сэргийлэх боломжтой зөрчлүүд давамгайлсан байна. Энэ статистик тодорхой хэмжээнд буурахгүй бол Монголын жолооны үнэмлэхийг шууд сольж байгааг зогсоож, сургалтад хамруулах, жолооны шалгалт авах зэрэг шаардлага тавих хэмжээнд хүрч болзошгүйг анхааруулж байна. "Нэг үхрийн эвэр доргивол 1000 үхрийн эвэр доргино" гэх үгийг үргэлж санаж явцгаая” гэжээ.