ЦЕГ: ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ТОЙМ
Энэ долоо хоногт Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас иргэд, олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Энэ 7 хоногт цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан онцлог сургалтууд:
“НИЙСЛЭЛИЙН АВРАХ АНГИ”, “НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ”-ТЭЙ ХАМТРАН ЭРСДЭЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Цагдаагийн байгууллагаас Нийслэлийн аврах анги, Нийслэлийн түргэн тусламжийн төвтэй хамтран төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 13.3 дугаар зүйлд заасан "Хүн барьцаалах" гэмт хэрэг үйлдэгдсэн болон иргэн амиа хорлох үйлдэл гаргасан үед цагдаагийн байгууллагаас таслан зогсоох, эрсдэлийн менежментийн сургалтыг улсын хэмжээнд энэ оны 02 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Дээрх сургалтыг "Өндөр барилга, байгууламжаас аврах ажиллагааг зохион байгуулахад цагдаагийн бүрэлдэхүүний үүрэг, оролцоо", "Амиа хорлох үйлдэл гаргасан иргэнтэй хэлэлцээр хийх", "Хүн барьцаалсан дуудлага, мэдээлэлд хэргийн газрын хамгаалалт, үзлэг хийхэд анхаарах асуудал" зэрэг сэдвийн хүрээнд мэргэжлийн байгууллагуудын сургагч багш нар удирдан явуулсан юм.
“ЦАХИМ ОРЧИНД ҮЙЛДЭГДЭЖ БАЙГАА ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХЭД АНХААРАХ АСУУДАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 2022 онд зохион байгуулах ажлын байрны сургалтын төлөвлөгөө”-ний дагуу Баянгол дүүрэг дэх цагдаагийн газраас Дотоод хэргийн их сургуультай хамтран “Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэгтэй тэмцэхэд анхаарах асуудал” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Энэхүү сургалт нь цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, гэмт хэрэгтнүүдийг мөрдөх, гэмт хэргийг мөрдөн шалгах явцад анхаарах асуудлаар алба хаагчдын ур чадварыг дээшлүүлэх, бэхжүүлэх зорилготой юм.
"АХИСАН ТҮВШНИЙ ЖЕНДЕРИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭ" ЗАЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
"Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2022 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө"-ний хүрээнд Удирдлагын академийн Мэргэшил дээшлүүлэх институтийн санаачилгаар Канад Улсын Засгийн газрын Мерит төсөлтэй хамтран боловсруулсан "Ахисан түвшний жендерийн дүн шинжилгээ" сэдэвт зайн сургалтад цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлах болон түүнээс дээш албан тушаалтай алба хаагчид хамрагдаж байна.
Алба хаагчид дээрх сургалтад хамрагдсанаар хүйс ба жендерийн ялгаа, жендерийн талаарх үзэл баримтлал, хандлага, төрийн бодлого, үйл ажиллагаа, төлөвлөлт, хэрэгжилт, хяналт - шинжилгээ, үнэлгээнд жендерийн дүн шинжилгээ хийх чадвар нэмэгдэх ач холбогдолтой юм.
"ХУУРАМЧ МӨНГӨ" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Төмөр зам дахь цагдаагийн газраас "Хуурамч мөнгө" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Улаанбаатар зорчигч үйлчилгээний төв буудал, тасалбарын төвөөр үйлчлүүлж буй иргэдэд мөнгөн дэвсгэртийн хамгаалалтын таних тэмдгийг таниулан сурталчилж, хуурамч мөнгөн тэмдэгтээр үйлчлүүлэхээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгч ажиллалаа.
ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГААР АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА
Олон нийтийн цагдаагийн сул орон тоог нөхөн хангах чиглэлээр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүний нөөц, сургалтын хэлтсээс Олон нийтийн цагдаагийн сонгон шалгаруулалтыг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 25-ны өдрийг хүртэл бүртгэж, сургалтыг Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд 03 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөсөн тул болзол шалгуурыг хангасан иргэд өөрийн харьяа оршин суугаа газрын цагдаагийн газар, хэлтэст холбогдох материалыг бүрдүүлж өгнө үү.
Олон нийтийн цагдаагаар судлагдах иргэдэд тавигдах шаардлага:
- Улаанбаатар хотын харьяа байх;
- Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой;
- 20 нас хүрсэн /эрэгтэй, эмэгтэй/;
- 168 см-ээс дээш өндөртэй;
- Биеийн зөв хөгжилтэй;
- Цэргийн алба хаасан бол давуу тал болно;
- Урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй. /гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй/;
- Биеийн ил харагдах хэсэгт шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдолгүй байх.
“ХҮҮХЭД БИДНИЙ ИРЭЭДҮЙ” ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс “Хүүхэд бидний ирээдүй” тусгай арга хэмжээг хариуцсан нутаг дэвсгэрт үе шаттайгаар зохион байгууллаа. Тус цагдаагийн хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч болон байнгын архидан согтуурдаг иргэд, гэмт хэрэг, зөрчилд холбогдож, хохирч болзошгүй насанд хүрээгүй хүүхдийн ар гэрээр хяналт тавин ажиллалаа.
Баяр, амралтын өдрүүдэд өсвөр насны хүүхдүүд шөнө, оройн цагаар тодорхой зорилгогүй сэлгүүцэж, бие биеэ уруу татан согтууруулах ундаа хэрэглэх, улмаар хоорондоо маргалдаж, зодолдох, гэмт хэргийн хохирогч болох, гэмт хэрэгт холбогдох явдал гарч байна.
Иймээс эцэг эхчүүд хүүхдийг шаардлагагүй тохиолдолд оройн цагаар гаргахгүй байх. Ямар хүүхдүүдтэй нөхөрлөж, хаана юу хийж байгааг хянаж хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах.
Мөн архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллага насанд хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулахгүй байхыг анхааруулж байна.
ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН, СУНГАА, ҮСЭРГЭЭГ ХОРИГЛОСОНТОЙ ХОЛБОГДУУЛАН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ СУРТАЛЧЛАН АЖИЛЛАЛАА
Орхон аймаг дахь цагдаагийн газраас аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран уяач иргэдийн морины жүчээ, уяачдын галаар явж, эргүүл шалгалт хийн уралдаанч хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, санамж, зөвлөмж гарын авлага тарааж, эцэг эхчүүдэд хууль тогтоомжийг сурталчлан ажиллалаа.
ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дорнод аймаг дахь цагдаагийн газраас аймгийн Прокурорын газартай хамтран энэ оны 2 дугаар сарын мөрдөн шалгах ажиллагааны талаар хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнд аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг, аймгийн ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н.Доржсүрэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий алба хаагч болон хяналтын прокурор нар оролцон, шалгагдаж буй хэргийн талаар тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ. Тус үйл ажиллагааны үеэр аймгийн Прокурорын байгууллагатай 2022 онд хамтран ажиллах төлөвлөгөөг баталсан юм.