Б.Балжинням: Багш нар болон төрийн албаныханд гуравдугаар сараас монгол бичгийн хичээлийг үнэгүй заана
Монгол Улсад амьдарч буй өвөрмонгол иргэд төрийн албаны шат шатны ажилтнуудад үнэ төлбөргүйгээр монгол бичиг заах уриалга гаргаж, "YesMongolbichig" аяныг эхлүүлэх гэж байгаагаа өнөөдөр мэдээллээ.
Аяныг санаачлагч Б.Балжинням "Монгол Улс 2025 оноос монгол бичгээ сэргээж байгаа тул миний бие энэ төслийг санаачлан эхлүүлэх гэж байна. Монгол бичиг бол манай сүр сүлд. Монгол үндэстнийг илэрхийлэх хамгийн гол бэлгэ тэмдэг бол монгол бичиг. Өөрийн бичгийг заавал сурч, сэргээх ёстой. Зарим хүн өөрийнхөө нэрийг монгол бичгээр бичиж чадахгүй байна. Иймд сэргээх ёстой гэж бодож байна. Сургалт гуравдугаар сарын 1-нээс эхэлнэ" гэлээ.
Аяны хүрээнд 21 аймгаар явж, дунд сургуулиудын багш нар болон төрийн албаныханд сургалт явуулах юм байна. Харин нийслэлд хүсэлтээ гаргасан аж ахуйн нэгж, албан байгууллагад үе шаттайгаар сургалт явуулахаар төлөвлөжээ. Уг аянд монгол бичгийн хичээлийг 10 гаруй зааж буй багш нар нэгдэхээ илэрхийлсэн байна.