Хөгжлийн банкны их наядын зээлийг шүүхэд шилжүүлж, 14 хүнийг шалгаж байна
Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эзэд тодорч, эл үйл явдлыг дагасан дуулиан дэгдэж буй. Тэгвэл Засгийн газар өчигдөр Хөгжлийн банктай холбоотой мэдээлэл сонсжээ. Хөгжлийн банк 2011 онд байгуулагдсан. 2017 онд шинэчлэн батлагдсан хуулийн хүрээнд тус банкнаас гаргаж байгаа нийт зээлийн 60 хувь нь экспортыг дэмжих, импортыг орлох төсөл хөтөлбөрүүдэд олгогдох ёстой. Гэтэл Хөгжлийн банк нийт 3.1 их наядын зээлийн багцтайгаас 55 хувь нь эрсдэлтэй буюу чанаргүй ангилалд багтсан. Нийт 28 зээлдэгчийн нэг их наяд орчим төгрөгийн зээлийг шүүхэд шилжүүлж, 14 зээлдэгчийг хууль хяналтын байгууллагаар шалгаж байгааг Засгийн газрын хуралдаан дээр танилцуулжээ.
Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо “Засгийн газрын хуралдаанд Хөгжлийн банкнаас танилцуулга хийхдээ шүүх дээр маргаан шийдвэрлэгдэх хугацаа урт, шүүхийн шийдвэр гарсан ч шийдвэр гүйцэтгэл дээр хугацаа алдаж байна. Чанаргүй зээлдэгчидтэй холбоотой авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд хүрч нэгдүгээр сарын 24-нөөс хойш 8.6 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ.
Компаниуд зээлээ эргэн төлөх дээр анхаарлаа хандуулж эхэлсэн байна. Нийт 20 зээл буюу 520 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан асуудал байгаа. Үүнийг хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтээ илэрхийлсэн. Хөгжлийн банкинд Монголбанкнаас тогтмол шалгалт хийж, Засгийн газраас мөн хяналт тавьж байдаг. Өнөөдрийн хуралдаанд АТГ-ын дарга оролцож хяналт, шалгалтуудын талаар мэдээлэл өгсөн. Нэгдүгээр сарын сүүлээр Хөгжлийн банкнаас 52 зээлдэгчийг шалгуулахаар АТГ-т хандсан байгаа. Энэ дагуу шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгааг танилцууллаа” гэлээ.
Хөгжлийн банк Монгол Улсын хөгжилд шаардлагатай тодорхой төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд шаардлагатай институт. Тиймээс Засгийн газрын зүгээс Хөгжлийн банкны үйл ажиллагааг дэмжинэ. Харин зээлээ эргэн төлөхгүй байгаа ААН-үүдтэй хариуцлага тооцно гэсэн байр суурьтай байгааг дэд сайд хэллээ. Хөгжлийн банкнаас албан тушаалын давуу байдлаа ашиглан зээл авсан, зээлээ төлөхгүй байгаа, зориулалтын бусаар ашигласан тохиолдолд хариуцлага тооцох ажлыг хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллана. Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг Засгийн газар дэмжихээр болжээ.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин