Б.БИЛЭГСАЙХАН: “Зөрчлийн хэрэг өмнөх оноос өссөн дүнтэй гарсан“
Говь-Алтай аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Билэгсайхантай тус аймаг дахь зөрчлийн болон эрүүгийн хэргийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.
Өнгөрсөн 2021 онд Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт зөрчлийн хэргийн гаралт ямар байсан вэ? Ямар төрлийн зөрчил орон нутагт ихээр үйлдэгдэж байна вэ?
Говь-Алтай аймгийн прокурорын газраас аймгийн нутаг дэвсгэрт 2021 онд үйлдэгдсэн зөрчлийн гаралтыг судалж, дүн шинжилгээ хийхэд зөрчлийн хэрэг өмнөх оноос өссөн дүнтэй гарсан. Тодруулбал, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий байгууллагууд 1871 гомдол, мэдээллийг шалгасан нь 2020 оноос 9,7 хувиар өссөн байна. Бүртгэгдэж шалгагдсан гомдол, мэдээллийг сумдаар нь ангилбал Есөнбулаг, Цогт, Дэлгэр суманд хамгийн их зөрчил үйлдэгдсэн байна. Зөрчил үйлдэгчдийн 97,6 хувь нь эрэгтэй, 2,4 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол 80 гаруй хувь нь бүрэн дунд болон бүрэн бус дунд боловсролтой иргэд байсан. Харин насны хувьд 55 хувийг 18-35 насныхан, 37,6 хувийг 36-50 насныхан эзэлж байна. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 452 хэргээс 46.9 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих, 16.3 хувь нь Танхайрах, 17.6 хувь нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил эзэлж байгаа нь хамгийн их байна.
Зонхилон үйлдэгдэж байгаа зөрчлийн хэргийн шалтгаан нөхцөл юу байна бэ?
Аливаа гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нь нийгэм, эдийн засгийн болон хувь хүний ухамсар, төлөвшилттэй холбоотой байдаг. Судалгаагаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 452 хэргийн 88 хувь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед үйлдэгдсэн зөрчил болох нь тогтоогдсон. Зөрчил үйлдэгдэж буй хамгийн гол шалтгаан нь архидан согтуурах явдал гэж үзэж болно. Хувь хүний ухамсар, ёс зүй, төлөвшил, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмыг сахидаггүй зэрэг шалтгаан ч байна.
Гэмт хэргийн нөхцөл байдлын талаар танилцуулбал?
Аймгийн прокурорын газраас 2021 онд гэмт хэргийн талаарх 507 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласан. Мөн хэрэг бүртгэлтийн хэрэг 280 байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 173 хэрэгт хяналт тавьж ажилласан нь өмнөх оноос 24.4 хувиар өссөн байна. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт хамгийн их гэмт хэрэг бүртгэгдсэн. Өөрөөр хэлбэл тус суманд үйлдэгдсэн хэрэг нийт хэргийн 64.7 хувийг эзэлж байна. Өнгөрсөн жил гэмт хэрэгт холбогдсон нийт хүний 89.7 хувь нь эрэгтэй, 63 хувь нь 18-35 насныхан байна. Мөн 14-18 насны 19 хүүхэд гэмт хэрэг үйлдсэн нь өмнөх жилээс 1 дахин өссөн нь анхаарал татаж байна.
Говь-Алтай аймгийн прокурорын газраас 2021 онд гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулахад анхаарч, бусад байгууллагуудтай хамтран хэд хэдэн ажлуудыг хийж тодорхой үр дүн гаргасан. Тухайлбал, Авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн төв Есөнбулаг сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн өмчит 31 байгууллагын 800 гаруй төрийн албан хаагчдын дунд “Судалъя, мэдье, сэргийлье” нөлөөллийн аяныг зохион байгуулснаар авлигын гэмт хэрэг урд оноос 50 хувиар буурсан.
Мөн гэр бүлийн хүчирхийллийг бууруулах зорилгоор бүх сумдын хамтарсан багуудын дунд “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажилд инноваци нэвтрүүлэх нь” аяныг, Хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчих зөрчлийг бууруулах зорилгоор “Мотоцикл” хэсэгчилсэн арга хэмжээг тус тус зохион байгуулсан. Үр дүнд нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 9 хувиар, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих зөрчил 6.1 хувиар тус тус буурсан байна.