УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкнаас авсан 33 тэрбум төгрөгийн ЗЭЭЛЭЭ ТӨЛНӨ ҮҮ
Засгийн Газраас далд бодлогоор Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгч нарыг олон нийтэд ил болгох ажлыг эхлүүлсэн байдаг. Үхэр жилийн төгсгөлд уг асуудал нийгэмд сенсаци болж, өдгөө ард иргэд эрх бүхий албан тушаалтнууд зээлээ төлөхийг шаардах болсон.
Тэгвэл бид энэ удаа ХУД-ээс УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Амартүвшинийг онцолж байна.
Тэрээр Хөгжлийн банкны захирлаар ердөө хагас жилийн хугацаанд ажиллахдаа өөрийн хоёр найз Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК-д 33 тэрбумын зээл олгох шийдвэрийг гаргажээ. Ингэхдээ өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хүнээрээ гарын үсэг зуруулан 33 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас гаргуулан авсан нь олны анхаарлыг татаж байгаа юм.
Тодруулбал, тухайн үед Дэд захирал бөгөөд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяр нь 2020 оны нэгдүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн ээлжийн амралт эдлэхээр болсон байгаа юм. Тэрээр Г.Амартүвшинг ХАС банкнаас Хөгжлийн банк руу томилогдоход нь дагаж очсон хоёр хүний нэг. Ингэж өөрийн хүнээр Зээлийн газрын захирлын үүргийг гүйцэтгүүлж байгаад 33 тэрбум төгрөгөө авсан ноцтой үйл ажиллагаа юм.
Иймд манай редакциас ард иргэдийнхээ боломжийг хулгайлж, эрх мэдлээ урвуулан ашигласан Г.Амартүвшинг яаралтай зээлээ төлөхийг шаардаж байна. Учир нь Хөгжлийн банкнаас авсан найдваргүй зээлүүд төлөгдөхгүй явсаар байх нь иргэдийн халаас руу орох хүртэл асуудал хурцдах аж.